“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом” болон хамгийн сүүлд “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дараагийн уран бүтээл “Миний нууц”.
Тэд дэлгэцийн тав дахь уран бүтээлийнхээ нээлтийг ирэх гуравдугаар сарын 2-нд хийх аж. Тус продакшны өмнөх дөрвөн уран бүтээлийн найруулагч, продюсераар Гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллаж байсан бол энэ удаа найруулагч Д.Галбаяр уригджээ. Үзэгчид түүнийг "Намрын синдром", "Тагнуулч аав", "Шуугиан таригч" зэрэг бүтээлүүдээр нь танина.
Киноны зураг авалт үргэлжилж байгаа. “Миний нууц” киноны гол дүрд жүжигчин У.Уранчимэг тогложээ.
"Хувьсал" продакшны "Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног АНУ-ын зах зээлд гаргах тухай уг киноны зургийн даргаар ажилласан Д.Ангараг дуулгасан удаатай. Ингэвэл уг бүтээл АНУ-ын зах зээл дээр гарах бүрэн эрх авсан Монголын анхны кино болох юм.
А.СҮРЭН