Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин 2017 оны эхэнд дэлхийн шилдэг 10 театрын нэг, алдарт Сан Карло театрт дуулах гэж байгаа билээ. Тэрбээр тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд хүүхдүүдэд зориулан дахин дөрвөн удаа дуулах юм байна.
Түүний Италийн алдарт Сан Карло театрын анхны тоглолт энэ нэгдүгээр сарын 22-ноос эхлэх гэнэ. Алдарт дуучин маань үргэлжлүүлэн энэ сарын 25, 29-нд болон хоёрдугаар сарын 1-нд дуулах бол хүүхдүүдэд зориулан энэ сарын 25, 26, 31-нд болон хоёрдугаар сарын 1-нд тус тус тоглох ажээ.
Дуучин Э.Амартүвшин одоогоор тоглолтын бэлтгэл сургуулилттай байгаа бөгөөд тус театрт сар гаруй хугацаанд ажиллах нь ээ. Дашрамд дуулгахад тус театрт тоглогдох Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг өдгөө 85 настай дэлхийн домогт удирдаач Нелло Санти удирдах юм байна.
Тэрбээр 2017 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Москвад Чайковскийн консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийн Ди Лунагийн дүрд дэлхийн алдарт удирдаач Данел Ореньтой хамтран концерт хувилбараар бүтнээр нь дуулах гэж байгаа аж. Мөн ирэх оны тавдугаар сард Израйль улсын “Тel Avivd modern” театрт гэрээгээр ажиллах юм байна.
А.СҮРЭН