“Манна хөгжил” ТББ-аас зудын нөхцөл байдалд буй 270 малчин өрхөд тусламж үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

“Манна хөгжил” ТББ-аас зудын нөхцөл байдалд буй 270 малчин өрхөд тусламж үзүүлэв

2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “Манна хөгжил” ТББ-аас Дорнод аймагт зудын хүнд нөхцөл байдалд буй мал бүхий иргэд, малчдад тусламж үзүүлээ. Тусламж олгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, “Манна хөгжил” ТББ-ын тэргүүн С.Чимгээ болон Баян-Уул сумын удирдлагууд оролцлоо. 2016 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат “Манна хөгжил” ТББ-д хүсэлт тавьсны дагуу Баян-Уул сумын 180 өрхөд, Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сумдын 90 өрх, нийт 270 өрхөд тусламжийн үйл ажиллагаа хүргэж буй юм.

2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллага нь малчдад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд, малжуулах, худаг гаргах, гамшгийн үеийн тусламж зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөнгөн дүнгээр нийт 70 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгож байгаа бөгөөд, нэг өрхөд хагас тонн нүүрс, шуудай түлээ, 25 кг гурил, 5 кг цагаан будаа болон өвлийн дулаан куртик хоёр ширхэг, дулаан гутал зэрэг тусламж үзүүллээ. Буцалтгүй тусламжийг айл өрхийн амьжиргааны түвшинг харгалзан олгож буй юм. Тус байгууллага нь өнгөрсөн онд Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр сумын түймрийн үеийн гамшигт нэрвэгдсэн 60 өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байсан юм.

Дорнод аймгийн хувьд өнгөрөгч аравдугаар сарын 03-наас эхлэн олон удаагийн давтамжтай цас орсны улмаас цасны зузаан зарим сумдаар 25-30 см хүрчээ. Тус аймагт гарсан Хаврын түймрээс болж өвсний гарц муу байсан, намар орой бороо их орж, цочир хүйтэрсний улмаас хөрсөнд шингэж амжилгүй их цасны дор мөстсөн нь малчдын өвөлжилтийн байдал хүндрэхэд хүргэжээ.

Дорнод аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил 96.6 хувийн биелэлттэй байгаа хэдий ч өвөлжилт хүндэрсэн энэ үед аймаг орон нутгийн зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Орон нутгийн нөөц бололцооноос гадна тусламжийн Олон улсын болон Төрийн бус байгууллагад хүсэлт тавьсан нь ийнхүү хэрэгжиж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж