“Бороо гоулд” компанийг хуулийн хүрээнд ажилласан гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Бороо гоулд” компанийг хуулийн хүрээнд ажилласан гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Сэлэнгэ аймагт алт олборлож буй “Бороо гоулд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан Ажлын хэсгийн дүнг сонслоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалсан бөгөөд “Бороо гоулд” компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна гэсэн мэдээллийг хийлээ.  Тухайлбал, “Бороо гоулд” компани нь алт олборлох явцдаа химийн хортой бодис алдсан  гэсэн мэдээлэл цацагдсан нь нуруудан уусгалтын технологийг ашиглах явцад гарсан алдаа гэнэ. Гэхдээ түүнд нь  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч цаг алдалгүй арга хэмжээ авч,  үйлдвэрлэлийг хааж, шаардлагатай ажлыг компанийн зүгээс хийж чадсанаар байгаль орчин болоод хүн, амьтанд хор нөлөө учруулахуйц аюул дагуулсан сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж чадсан. Мэргэжлийн байгууллагуудын хэд хэдэн удаагийн шинжилгээгээр үүнийг ч нотолсон гэсэн тайлбарыг ажлын хэсгийн ахлагч өгч байна. Мөн тус компани нуруудан уусгалтын технологийг ашиглан 1.2 тонн алт олборлосон. Үүнийгээ туршилтын журмаар хийсэн. Хэрвээ энэхүү технологийг  холбогдох газраас зөвшөөрвөл есөн тонн алт олборлох бололцоотой. Монгол Улсын Усны тухай хуульд зааснаар тус компани алт олборлох шатанд нэг шоо метр усыг зургаан төгрөгөөр ашиглахаар байсан ч тус компани өөрсдөө санаачлага гарган 150 төгрөг болгон нэмэгдүүлж, төлбөрөө хийж ирсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд заасан ойлгомжгүй заалтуудыг нэлээн ойлгомжтой болгох гэж оролдсон гээд нэгэн үе Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэн дураараа авирлаж байна гэх дуулиан дагуулсан мэдээллийн бай болж  байсан дээрх газарт ажлын хэсгийнхэн “онц” дүн тавьсан байлаа.
“Бороо гоулд” компани нь 2004 оноос Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Бороогийн уурхайгаас алт олборлож эхэлжээ. Үйлдвэр дээрх оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өнөөгийн байдлаар 41.2 тонн алт олборлосон. Нөөц шавхагдаж байгаа тул хаягдал хэлбэрээр үлдсэн шороогоо нуруудан уусгалтын технологиор ашиглавал одоо есөн тонн алт олборлох боломжтой. Энэ зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд өгнө. Харин тэрхүү туршилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эрх өгөхийг байнгын хорооноос тогтоолоор гаргаж өгөх шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гаргав. Мөн тэрбээр монголчууд гуравдагч орны хөрөнгө оруулалттай компанийг ад үздэг болохыг хэлээд “Бороо гоулд” компанийг элдвээр хэлж байх хооронд хоёр хөршийн хөрөнгө оруулалттай компаниуд ямар хожоо гаргасныг хэлэх бололцоо алга. Алтан дорнод Монгол компани Монголын хэчнээн тонн алтыг зөөгөөд явсан билээ. Эцэст нь биднийг өрөнд хийчихсэн. Одоо хоёр хөршийн хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг шалгах хэрэгтэй. Тэдэнд дээр УИХ болон байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсгийнхэн очиж, шалгалт хийж байсан удаагүй.  Маш хоцрогдсон технологи оруулж ирж, сүйд хийж байгаа. Шинэ технологи ашиглан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гуравдагч орны хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг дэмжих ёстой гэж бодож байна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж