“Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч “Бэлхүүсэн зэвсэгт” хэмээх бүжигчин охин Т.Оюунтүлхүүртэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэхүү шоуны хагас шигшээд шалгарч, бэлхүүсний бүжгийн сонирхолтой үзүүлбэрийг хүргэсэн билээ.
-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, бэлли дэнс бүжгийн урлагаар та олныг гайхашруулсан. Шоуны дараа өөрийн бүжгийн сургалттай болсон гэв үү?
-Би “Авьяаслаг монголчууд” шоунд орсныхоо дараагаар өөрийн бэлли дэнс бүжгийн сургалтаа явуулахаар болсон. Энэ төрлийн урсгалыг олон охид, бүсгүйчүүдэд зааж өгөхийг хүссэн юм. Бэлли дэнс хэмээх уг бүжиг хүний биед нэг төрлийн дасгал болж өгдөг. Мөн хүмүүсийн хийж чадах энгийн элементүүд ихтэй учраас энэ бүжгээр хичээллэж эрүүл мэнддээ илүү анхаараасай гэж хүсч байна. Сургалт маань нэгдүгээр сарын 16-наас үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа. Ер нь надад нас насны охид, бүсгүйчүүд хандаж, бүжгийн сургалт явуулах хүсэлтийг тавьж байсан. Миний хувьд хүнд бүжгээ зааснаар өөрөө илүү хөгжих боломж гэж бодсон.
-Хэдэн наснаасаа бүжиглэж сурав. Хэзээнээс бэлхүүсний бүжгээр бүжиглэж эхэлсэн бэ?
-Би бага байхаасаа л бүжиглэх дуртай хүүхэд байсан. Намайг бага байхад манай ээж дуучин Шакерагийн 2004 оны дууны сидиг худалдаж авч өгсөн. Би тэр сидиг байнга сонсдог байсан. Тэгээд л “Яг энэ дуучин шиг бүжиглэдэг болох юмсан” гэж мөрөөддөг байлаа. Би бэлли дэнс бүжгээр сүүлийн хоёр жил дагнан бүжиглэж байна. Би анх бэлхүүсний бүжгийн гурван сарын сургалтад явдаг байсан. Сургалтад хамрагдахын өмнө интернэтээс янз бүрийн бичлэг үзэж бие даан сурч байлаа.
-Зарим хүмүүс бэлхүүсний бүжгийг Энэтхэг киногоор төсөөлдөг. Чиний хувьд ямар төрлөөр нь бүжиглэдэг вэ?
-Миний хувьд бүжиг бүжиглэх нь тэр чигээрээ эрх чөлөө. Тэр дундаа бэлхүүсний бүжиг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдгөөрөө онцлог. Сүүлийн үед эрэгтэй хүмүүс ч энэ бүжгийг бүжиглэдэг болсон. Бэлли дэнс бүжиг нь Энэтхэгээс гаралтай. Гэхдээ Араб, Турк зэрэг орнуудад бас хөгжсөн байдаг. Миний хувьд Турк стилиэр бүжиглэдэг. Энэ нь хөгжмийн цохилтоор биеэ хөдөлгөдөг онцлогтой. Бусад Араб, Энэтхэг бүжиг нь хөгжмийн аянд бүжиглэдэг байх жишээтэй.
-Өмнөх “Авьяаслаг монголчууд” шоунд бэлхүүсний бүжгийн төрлөөр ганц нэг бүжигчид оролцсон. Гэвч чам шиг хагас шигшээд шалгарах хэмжээний үзүүлбэр үзүүлж байсангүй. Чиний хувьд яагаад энэ шоунд оролцох болов?
-Би “Авьяаслаг монголчууд” шоуны анхны дугаарыг үзээд л оролцоно гэдгээ шийдчихсэн байсан. Тэгээд 2016 оны шоуныхаа нэгдүгээр шатанд тэнцээд маш баярласан. Шоуны үеэр бүжгийнхээ бэлтгэлийг гэртээ хийдэг байсан. Харин шоуны гуравдугаар шатны үзүүлбэрээ бүжгийн заал олж тэндээ бэлдсэн байгаа. Ер нь өмнөх шоунд цөөн тооны бэлхүүсний бүжигчид оролцож байхыг харсан. Энэ жил ч гэсэн надтай хамт хоёр оролцогч бэлли дэнс бүжгээр оролцсон л доо. Монголд сүүлийн жилүүдэд энэ бүжиг их хөгжиж байгаа. Өмнө нь бэлхүүсний бүжгийг хэт задгай хувцастай гэх мэтээр ойлгодог байсан. Харин одоо бол хүмүүс энэ бүжгийг мэддэг, хичээллэхийг хүсдэг болсон байна.
-“Авьяаслаг монголчууд” шоуны гуравдугаар шатны үзүүлбэр бас өвөрмөц байсан. Тайз, хувцаслалт гээд л бүжигтэйгээ хослуулсан нь сайхан санагдсан?
-Шоуны хагас шигшээ тоглолтод оролцох үзүүлбэрийн ерөнхий санааг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид гаргаж өгсөн. Тэгээд миний үзүүлбэрийн тайз, гаргах дүр зэргийг зөвлөлдөж гаргасан. Миний хувьд үзүүлбэр дээрээ ажиллаж, хичээсэн.
-Бэлхүүсний бүжигт хэвлийн хөдөлгөөн маш чухал. Энэ хөдөлгөөнийг хийж сурахад хэр хүндрэлтэй байсан бэ?
-Би бэлли дэнс бүжгээр хичээллэж эхлэхдээ гэдсээрээ хөдөлж чаддаггүй байлаа. Ойролцоогоор жил гаруй хугацаанд хичээллэсний үр дүнд гэдсээ хөдөлгөж, чичиргэж сурсан. Гэдэсний хөдөлгөөнийг тогтмол хийснээр хоол шингэц, хоол боловсруулахад маш сайн нөлөөтэй. Мөн энэ бүжгээр хичээллэснээр хүмүүстэй харилцах харилцаа маань ч гэсэн нээллтэй болсон. Ер нь бүжгийн хувцас, хөдөлгөөн гээд бүх зүйл нь сайхан санагддаг.
-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу. Магадгүй бүжигчин хүн?
-Манай гэр бүлд бүжигчин, урлагийн хүн байхгүй. Харин манай өвөөгийн талд дуучин Ч.Насантогтох эгч байдаг. Ер нь урлагийн хүн ховор доо. Гэхдээ намайг аав, ээж, өвөө эмээ маань их дэмжиж тусалдаг.
-Бэлхүүсний бүжгийн хувцас их чамин ганган байдаг. Бүжгийн хувцсаа худалдаж авдаг уу, оёулдаг уу?
-Одоогоор монголд бүжгийн хувцас зардаг дэлгүүр байдаггүй. Ихэвчлэн хувцасныхаа чимэглэлийг Хятадаас захиж авчруулдаг. Тэгээд монголдоо оёдолчноор оёулдаг. Үнийн хувьд 500 мянган төгрөгийн үнэтэй. Надад гурван төрлийн хувцас бий.
-Өөрөө найз залуутай юу?
-Одоогоор найз залуу байхгүй. Өөрөө хувийн бизнестэй, ажил мэргэжилтэй болсны дараагаар гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа.
-Бэлхүүсний бүжгээр хичээллэхээр тайлтай болдог гэх юм. Нууц биш бол бэлхүүсний тойрог нь хэв вэ?
-Миний бэлхүүсний тойрог 61 см.
-Бүжгээр хичээллэснээр жингээ барьж болно. Мөн хооллолт маш чухал. Өөрөө хооллолтын дэглэм барьдаг уу?
Ерөнхийдөө эрүүл хооллохыг хичээдэг. Манай ээж их сайхан биетэй хүн. Миний хувьд ээжийгээ дууриасан юм болов уу гэж боддог. Би өглөө, өдөр, оройдоо тогтмол хооллохыг хичээдэг. Орой болж өгвөл хоол иддэггүй.
-Бүжигчин охины цаашдын зорилго юу вэ?
-Цаашдаа бэлхүүсний бүжгээ илүү хөгжүүлэхийг хүсдэг. Мөн хүмүүсийг бэлли дэнс бүжгээр бүжиглэж, эрүүл мэнддээ анхаарахад туслах болно.
“Авьяаслаг монголчууд-2016” шоуны гуравдугаар шатны үзүүлбэр
“Авьяаслаг монголчууд-2016” шоуны нэгдүгээр шатны үзүүлбэр
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ