Гамшиг гэх энэ үг монголчууд бидэнд танил биш. Гамшгийн нөхцөлд ойр мөддөө ажиллаж, амьдраагүй болохоор хэт сүржин тодотгол ч юм шиг. Гэвч өчигдөр /2017.01.11/ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдлыг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх вэ” хэмээсэн. Үүнтэй санал нийлэхгүй хүн цөөн байх. Нэгэнт байдал иймд хүрсэн болохоор гамшгийг даван туулахын төлөө хамтдаа хичээх цаг ирлээ.
Гамшиг тохиолдсон үед юу хийдэг вэ. Тэнд өөрийн дүрэм үйлчилдэг. Хязгаарладаг, хориглодог, нүүлгэн шилжүүлдэг. Гамшиг гэж албан ёсоор зарлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан үед тулгамдсан ийм арга хэмжээ авахад саад бэрхшээл байхгүй болно. Гамшгийн горимд өндөржүүлсэн байдлаар ажиллах боломж бүрдэнэ. Чухам үүнд гамшиг гэж төр засаг хүлээн зөвшөөрсний ач холбогдол гарна. Түүнээс зөвхөн үгээр тоглосон төдий бус юм.
ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид хэд хэдэн онцгой заалт орсон байна.
Юун түрүүн төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэхийг УИХ-д зөвлөсөн байна. Энэ ажлыг олон жил ярьж байгаа ч нэг их хөдлөлгүй өнөөг хүрсэн. Одоо харин гамшиг нүүрлэсэн нөхцөл байдалд байгаа учир бид үүнийг яаралтай хийх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх төрийн албан тушаалтнууд ч эсэргүүцэл саад бэрхшээлтэй тулгарахгүй. Гамшиг гэж зарласны ач холбогдол үүнд байгаа хэрэг. “Дайны цагт дайны хууль” үйлчилнэ гэсэн үг. 7 сарын 1-нд Онцгой байдал зарлахад бид оройны 11 цагаас хойш гадуур гарах эрхгүй байсан шиг бид одоо утаанаас салахын төлөө хийж байгаа ажлыг хүний эрх ярилгүй шууд биелүүлэх үүрэгтэй. Үүнд төр засаг утааг гамшиг гэж хүлээн зөвшөөрсний, Ерөнхийлөгч санаачлан ҮАБЗ-ийг хуралдуулсны, УИХ дарга ээлжит бус чуулган зарлаж хуралдуулах шийдвэр гаргасны ач холбогдол байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд А/17, А/18 тоот захирамж гаргаж /2017.01.09/, Улаанбаатар хотыг бүсчилэн хувааж, яндангүй бүсийг тогтоогоод зогсохгүй нийслэл рүү чиглэсэн нүүдлийг 2018.01.01-нийг хүртэл хориглолоо. Энэ бол бас л Гамшгийн үед авч байгаа арга хэмжээ. Үүнийг ҮАБЗ дэмжсэн.
ҮАБЗ-ийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 тоот зөвлөмж нь УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн ИТХ-д хаяглагдан гарсан. Тэнд Улаанбаатар хотын зөвхөн агаар төдийгүй ус, хөрсний бохирдол гамшгийн төвшинд хүрснийг зарлажээ. Тиймээс онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрхзүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахыг онцлон заасан.
Нэг ч гэсэн айл өрх түүхий нүүрс түлэхээс татгалзах хэрэгтэй байна. Хичнээн ядарлаа ч дугуйны хаймар /покрышка/, тос нэвчсэн тоосго түлэхгүй болж гэмээнэ үр хойчийнхоо төлөөх өгөөмөр сэтгэлийн илрэл болно.
Нөхцөл байдал ийм байгаа учир бид одоо онцгой горимоор ажиллах боллоо. Нийслэлчүүд бид гамшгийн үеийн нөхцөл байдлаар, төр засгаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж амьдарна. Заасан гортигоос гарч хашаа хатгахгүй, яндан нэмж утаа гаргахгүй. Гамшгийн эсрэг хамтдаа тэмцэнэ. Гэхдээ одоогийнх шиг нүүр ном жиргээгээр хүн шүүмжилж биш жинхэнэ утгаар тэмцэнэ. Хувь хүн аж ахуйн нэгж бүр утааны эсрэг бодитой тэмцэнэ.
Нэг ч гэсэн айл өрх түүхий нүүрс түлэхээс татгалзах хэрэгтэй байна. Хичнээн ядарлаа ч дугуйны хаймар /покрышка/, тос нэвчсэн тоосго түлэхгүй болж гэмээнэ үр хойчийнхоо төлөөх өгөөмөр сэтгэлийн илрэл болно. Үндэсний гэх тодотголтой компани, аж ахуйн нэгжүүдийн оролцоо яг ийм л үед тодорч харагдана. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа гэр хороололд аж төрж буй айл өрхийн зуух, түлшийг эко болгох, нэг ч бол ажилтнаа орон сууцанд оруулж гэмээнэ тухайн компанийн нийгмийн хариуцлагын үнэлгээ тэр байх юм.
Иргэний сэтгүүлзүй Монголд хамгийн идэвхтэй дэлгэрч байгаа. Хүн бүр ухаалаг утас барьж, фэйсбүүк, твиттерт жиргэж байгаагийн хэрэг юу билээ. Утаа, угаар ихээр ялгаруулж буй айл өрх, автомашин, автобус, нийтийн тээврийн хэрэгслийн зураг хөргийг баримттайгаар нийтэд дэлгэдэг жишиг тогтооё. Утаа "үйлдвэрлэгчид"-ийг ийн мэдээлээд зогсохгүй уг машиныг оношлоод хэвийн гэсэн үнэлгээ өгсөн оношилгооны компани, ажилтныг нийтэд ил тод зарлая. Ингэж байж л бид утааг багасгана. Алсдаа арилгана. Утаа хэмээх гамшгийг та бид өөрсдөө бий болгосон. Тиймээс арилгах арга нь ч бидний гарт, сэтгэл зүрхэнд бий. Бүх зүйлс та бидний хүсэл зоригоос хамаарна. "Хувьсгалын үйл хэрэгт хүн бүхний хүчин зүтгэл хэрэгтэй" гэдэг танил үг бий. Түүнийг одоо цагт хувиргавал "Утааны эсрэг тэмцэлд хүн бүхний оролцоо чухал" болоод байна. Гамшгийн эсрэг хамтдаа тэмцье.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь 198 мянган гэр хорооллын айл өрх, 3200 орчим нам даралтын зуух, 10 хувь нь 439 мчнга орчим автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тоос, зургаан хувь нь дөрвөн том цахилгаан станц, дөрвөн хувь нь хог, шороо, хөрсний бохирдлоос үүдэлтэй юм байна. Агаар бохирдуулагчдаас хамгийн аюултай нь нарийн ширхэгт тоосонцор РМ-2.5 бөгөөд диаметр нь маш бага тул уушгины гүнд нэвтрэн орж хавдар үүсгэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Агаарын бохирдол нийслэлийн хүн амын нийт нас баралтын 9,2 хувь, уушгины хавдрын 39,9 хувьтай нөлөөлж буй юм. Хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 24,1 хувиар нөлөөлж байгаа бол ургийн гаж хөгжил, зулбалт өвлийн улиралд зуныхаас 3,6 дахин их байгаа нь үнэхээр түгшүүр төрүүлэм.
Д.ЦЭЭПИЛМАА