Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид 47 зай төрөлд (үүний 24 нь эрчүүдийнх, 23 нь эмэгтэйчүүдийнх) өрсөлдөж, шагналд нийт долоон сая 336 мянган ам.доллар зарцуулахаа IAAF нэгэнт зарлажээ. Зай, төрөл бүртээ эхний найман байрт шалгарсан тохиолдолд энэхүү мөнгөн шагналаас хуваалцах эрх нээгдэх аж.
Шагналын хэмжээг тодруулбал:
Хувийн: Аварга 60 мянган ам.доллар, дэд аварга 30 мянга, хүрэл медальтан 20 мянга, IV байр 15 мянга, V байр 10 мянга, VI байр 6000, VII байр 5000, VIII байр 4000.
Буухиа (баг бүрт): Аварга 80 мянга, дэд аварга 40 мянга, хүрэл медальтан 20 мянга, IV байр 16 мянга, V байр 12 мянга, VI байр 8000, VII байр 6000, VIII байр 4000.
Мөн IAAF-ийн Дэлхийн марафоны цомоос ДАШТ-ий үеэр өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй зургаан багт нийт 142 мянган ам.долларын урамшууллыг дараах байдлаар тараах юм.
Баг: Аварга 20 мянга, дэд аварга 15 мянга, III байр 12 мянга, IV байр 10 мянга, V байр 8 мянга, VI байр 6000.
Түүнчлэн ДАШТ-ий үеэр дэлхийн рекордыг эвдсэн тамирчин гарваас түүнд IAAF-ийн хамтран ажилладаг компаниуд 100 мянган “ногооны” шагналаа олгоно. Дээд амжилт тогтоосон эмэгтэйчүүдийн шагналыг Toyota даах бол эрэгтэйчүүдийг TDK шагнана.