ТОСК: Түрээслэгчдийг сугалаагаар тодруулна

Хуучирсан мэдээ: 2017.01.12-нд нийтлэгдсэн

ТОСК: Түрээслэгчдийг сугалаагаар тодруулна

ӨЧИГДӨР /2017.01.11/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • “Нийслэлийн агаар орчны бохирдлын тухай” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож, олон нийтэд хандан үг хэллээ. Тэрбээр мягмар гаригт /2017.01.10/ болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан зөвлөмжийн талаар мэдээлэл хийсэн юм. ҮАБЗ-өөс Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, бүсийг тодорхойлох, Онцгой горимоор ажилладаг болох, аюултай орчноос аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх, бүх аймгууд нүүлгэн шилжүүлэлтэд оролцох гэсэн зөвлөмж гаргажээ.


  • “Авлигатай тэмцэх үндэсний чуулган” Төрийн ордонд боллоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын авлигын үзүүлэлт буурч, эерэг гарч эхэлсэн тухай чуулганы үеэр онцлов. Мөн эрүүл мэнд, боловсрол, газар, уул уурхай, ашигт малтмалын салбарыг авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбар гэж мэдэгдлээ.


  • МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргалаа. Энэ талаар  тус намыг төлөөлж  УИХ-д сууж буй О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийв. Тэрбээр “УИХ-аар хэлэлцэж буй  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бол МАН л өөрийн хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. АН, МАХН болон бусад намууд хамтарч хүнээ нэр дэвшүүлж, өрсөлдөх боломжгүй болгож байна. Бидний харж байгаагаар гуравхан хүн дэвшинэ. Тэр гурван хүнийг тэгш гараанаас явуулах ёстой. Тэгэхийн тулд сурталчилгааны зардлыг нь төрөөс даах ёстой” гэж мэдэгдэв.


  • Ардчилсан намын дүрмийн дагуу намын даргад нэр дэвшигчдээс нэрээ татах сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 10-ны өдөр дууслаа. Энэ хугацаанд таван нэр дэвшигчийн хэн нэг нь нэр татах санал гаргаагүй гэдгийг Ардчилсан нам мэдэгдэв. Тус намын даргын сонгууль нэгдүгээр сарын 29-ний өдөр болно.


  • Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас “Буянт-Ухаа II” хороололд 200 айлын байрыг иргэдэд түрээслүүлэхээр болжээ. Байр түрээслэх хүсэлтэй иргэдийг өмнөхийн адил сугалаагаар тодруулах юм байна. Ингэхдээ өнгөрсөн жил орон сууц түрээслэхээр ТОСК-д өргөдөл гаргасан 2000 иргэний дунд сугалаа явуулах аж. Энэ ажлыг ирэх хоёрдугаар сард зохион байгуулах ажээ.


  • Бөхөнгийн тоо толгой 400 гаруйгаар хорогдсон тухай мэдээллийг хоёр хоногийн өмнө өгч байв. Гэтэл өчигдрийн байдлаар орон нутагт ажиллаж буй ажлын хэсгийнхэн 700 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгасан талаар мэдэгдээд байна.


  • Улаанбаатар хотын Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байцаагчид зохион байгуулалттайгаар, олуулаа нийлэн бусдын машины толь, их гэрэл, баттери гэхчлэн эд зүйлсийг нь тонож, дамлан худалдаг байсан бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж эхэлжээ. Үйлдэл дээрээ цагдаад баригдсан зургаан залуу  21 удаа приус машины эд зүйлсийг хулгайлснаа хүлээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж