Дунд сургуульд дөрвөөс аравдугаар ангидаа “Солонго” буюу “Радуга” гэдэг долоон цуврал номоор орос хэлийг сурдаг байлаа. Эхний хичээл дээр багш “Орос хэлний үсэг манайхтай яг адилхан болохоор цагаан толгойгоо нэг л өдөр үзнэ.” гэв. Нээрээ л мэддэг монгол үсгүүд А, Б, В, Г, Д, Е, Ё… гээд торох юмгүй явлаа. Гэтэл Ж, З хоёр дээр биш боллоо. Багш “жам” гэдгийн “Ж”, “зам” гэдгийн “З” биш шүү! Хэлээ хотойлгож, үзүүрийг нь гэдийлгэж, дээд шүдэндээ үл ялиг хүргээд “Хөнгөхөөн ингэж хэлнэ.” гэснээ өөрөө эрүүгээ өргөс хийж нэг л “маягтай” жЭЭЭ, зЭЭЭ гэлээ. Тэгснээ“жизнь” гэж үг бичээд хүүхэд бүрээр хэлүүлэв. Бүгд л “жий-зин, жий-зин” гэж багш шиг “маягтай” гоё хэлж нэг л чадсангүй. Хамгийн сонин хэлсэн нь Баярсайхан гэдэг банди хөнгөн хэлэх нь байтугай “хүнд” З-ээ улам хүндрүүлж “жийжин… жийжин… жийжин” гэж бүгдийг инээлгэсэн сэн.
…Оросын хөнгөн Ж, З-ээс болж “жаз-джаз, имиж-имидж, Жон-Джон, Жанибеков-Джанибеков, Азербайжан-Азербайджан; Бизе-Бидзе, Шаварназе-Шаварнадзе, Жозе-Джодзе”-ийн аль нь яагаад зөвийг мэдэхгүй хэсэгтээ төөрсөн сөн. Харин хэлний мэргэжилтэн болсны ачаар оросууд хөнгөн Ж, З-ээ монгол, англи зэрэг хэлний хүнд Ж, З шиг болгох гэж урд нь “Д” нэмдгийг ойлгож билээ. Англи, монголоос гадна араб, япон, итали, түрэг мэт хэл ч ийм хүнд “Ж”, “З”-тэй. Тэгэхээр угийн хүнд Ж, З-тэй бид хөнгөн Ж, З-ээ хүндрүүлсэн оросуудын Д-г хасаад “жааз, имиж, Жон, Жанибеков; Азербайжан, Бизе, Шаварназе, Жозе” гэж бичих нь маргаангүй зөв.
Социализмыг байгуулж байхдаа “Феодализмын үед шарын шашныг мухраар шүтэж байсан шүү, бид!” гэж өөрсдийг муулдаг байсан. Харин ардчиллын үед “Бид социализмын үед орос хэлийг сохроор дуурайж байсан байна шүү. Үүнээс болж буруу бичиж, ярьдаг өч төчнөөн үг өнөө цагт өвлөгдөн ирлээ.” гэж ярьдаг болоод байна.
Хэзээ ч хэнийг ч дуурайлгүй хөх Монголоороо оршицгооё!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Жийжин, жийжин… ба “жизнь”-ийн маягтай Ж, З” өгүүллийн хэсгээс