Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д сонгогдсон Ардчилсан намын 17 гишүүн мэдээлэл хийлээ. Тэд “Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгууль, Засаг даргын томилгоотой холбоотой улс төрийн хямрал үүсээд байна” гэж мэдэгдэв.
Хэвлэлийн хуралд оролцсон гишүүдийн тайлбарлаж буйгаар Сүхбаатар аймгийн ИТХ нийт 33 суудалтай аж. Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д Ардчилсан нам 16, МАН 16 суудал авсан ба нэг тойрогт маргаан үүссэн учраас дахин сонгууль явуулахаар болжээ. Гэтэл МАН маргаантай байгаа нэг суудал дээр өөрийн хүнээ оролцуулж, анхдугаар хуралдаан хийн, ИТХ-ын даргаа сонгосон аж. Ингээд Ерөнхий сайдад бичиг илгээн, аймгийн Засаг даргыг батламжлуулсан, ингэхдээ аймгийн ИТХ-ын тамгыг гээгдүүлсэн хэмээн хуурамчаар дахин тамга хийлгэж, ашигласан гэв.
Энэ талаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын гишүүн Д.Хосбаяр “Сүхбаатар аймагт болж байгаа улс төрийн нөхцөл байдалд шүүх засаглал оролцлоо. Сүхбаатар аймгийн ИТХ хүн дутуу хуралдсан. Нэг хүн сонгуулийн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон ч хуралд оролцсон. Гэтэл арванхоёрдугаар сарын 19-нд Дээд шүүх хүчин төгөлдөр хуралдсан гэж үзэж, шийдвэрээ гаргасан” гэж ярив.
Харин Сүхбаатар аймгийн ИТХ-ын гишүүн Б.Ганцогт “Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймаг төсвөө батлаагүй ганц аймаг болоод байна. Үндсэн чиглэл, бодлогын баримт бичгээ батлаагүй байгаа. Хуулиараа бол 2016 оны арванхоёрдугаар сарын 05-ны дотор аймгийн төсвийг батлах ёстой. Гэвч төсөв батлаагүй учраас аймгийн төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүйд хүрч байна. ИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах итгэл найдваргүй боллоо. Сүхбаатар аймгийн Ардчилсан намаас МАН-тай зөвшилцөх саналыг хоёр ч удаа тавьсан. Гэтэл зөвшилцөхгүй гэсэн. Ингэснээр МАН-ынхан орон нутгийн хөгжлийн төлөө ажиллах бус сандал суудал, эрх мэдлээ нэгдүгээрт тавьж байна гэсэн хардлага төрүүлж байна” гэлээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын гишүүн П.Мөнхжаргал “Дахин сонгууль явуулахад ялсан төлөөлөгч нь би юм. Одоогоор түр үнэмлэхээ авсан. Төлөөлөгчийн эрхийг баталгаажуулах хурал зарлах эрх нь хууль бус гэж үзээд байгаа МАН-ын бүлэгт байдаг. Гэвч одоо болтол тэд хурлаа зарлахгүй байна” гэв.
“Сүхбаатар аймагт үүсээд байгаа нөхцөл байдал удаан үргэлжилвэл тус аймгийн Ардчилсан намынхан улс төрийн тэмцэл өрнүүлэх болно” гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж мэдэгдлээ.