2017 оны эхэнд “Амьдралоги” хэмээх дэлгэцийн шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаатай ярилцлаа. Тэрбээр зургаа дахь эмнэлэг болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж, шинэ оны өмнөхөн хүлээлгэн өгсөн билээ. Тэрбээр олны төлөө зүрх сэтгэлээ харамгүй зориулсны учир шинэ оны өмнөхөн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн салбарын “Оны онцлох хүн” болсон юм.
-Хэдхэн хоногийн өмнө “Амьдралоги” уран сайхны киноныхоо нээлтийг хийж, олны хүртээл болголоо. Таны хувьд хэр догдлов?
-Мэдээж олон хоногийн ажлын тайлангаа тавьж байгаа учраас маш их сандарлаа. Бас мундаг баг, хамт олонтой хамтран ажилласан болохоор сэтгэл их хөөрсөн.
-“Амьдралоги” хэмээх киногоороо гэр бүлийн аз жаргалыг харуулахыг хичээсэн гэсэн. Үзэгчид ч ам сайтай байсан шүү?
-Энэ кино яг л амьдралыг л өгүүлдэг. Хүмүүс хажуудаа байгаа аз жаргалыг анзаарахгүйгээр багахан зовлонг хэтэрхий томруулдаг. Бид энэ л амьдралд байдаг л асуудлыг болж өгвөл энгийнээр харуулахыг хичээсэн. Гэхдээ мэдээж үзэчдэд хүргэхийн тулд зарим зүйлийг хэтрүүлэгтэй оруулж өгсөн. Амьдрал өөрөө их баялаг гэж ярьдаг. Тэгэхээр бидний киноны нэр, урилга гээд бүх зүйл өөрсдөө амьдралаас урган гарч ирсэн юм. Манай кинонд эсрэг дүр бараг байхгүй. Нэг л эсрэг дүр бий. Тэр нь миний охин Гэгээнхүслэнгийн найз залуугийн дүр. Бид амьдрал дээр ч гэсэн бусдыг сайн танихгүйгээсээ муу хүн гэж дүгнэхэд хүрдэг. Бид тэр хүнд зөв хандаж чадвал муу хүмүүс ховор юм шиг санагддаг.
-Таны хувьд 2016 он их завгүй бөгөөд үр бүтээлтэй жил байлаа. Хамгийн сүүлд дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээ өлгийдөн авч, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээлгийн танхимыг тохижууллаа?
-Тийм ээ. Уран бүтээлийн хувьд 2016 онд “Амьдралоги” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны кино хийлээ. Энэ намар “Х-Түц” продакшны уран бүтээлчидтэй хамтран хоёр том шоу тоглолтод оролцлоо. Мөн Итгэлийн танхим төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу дахь салбар амбулаторийн хүүхдийн тасаг, хүлээлгийн танхим болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээлгийн танхимын засварыг хийж, хүлээлгэн өглөө. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа “Single Ladies 2” киногоо үзүүлсэн.
–Шинэ уран бүтээлийн нээлтээ хийгээд удаагүй байгаа. Тэгсэн дахин нэг шинэ киноныхоо төслийг эхлүүлчихсэн, хоёр ч эмнэлэг засахаар төлөвлөсөн байгаа гэсэн үү?
-Би энэ хугацаанд чамгүй туршлагатай болсон гэж бодож байгаа. Багаараа алдаа оноогоо ярилцаад богино хугацаанд хэт ачаалалгүйгээр ажиллах төлөвлөгөөгөө гаргасан. Бид өмнө нь гурван сарын хугацаанд 500 м.кв талбайг засдаг байсан. Одоо засварын ажлаа заслын гурван багтайгаар нэг сарын хугацаанд хийхээр төлөвлөж байна. Өнгөрөгч онд сонгууль таарсан учраас ажил хийж буй хүмүүс ховор байсан. Энэ онд уран бүтээл хийхэд бусдаас хамаарах асуудал гарахгүй байх гэж бодож байгаа. Одоо хоёр ч шинэ киноны төлөвлөгөө гарсан байгаа. Би хоёр киноныхаа зохиолын санаагаа гаргаад, хоёр өөр зохиолчтойгоо зэрэг ажиллана. Киноны багийн хувьд ч гэсэн хоёр өөр баг хамт олонтой ажиллана.
-Та багаараа алдаа оноогоо ярилцдаг гэлээ. Бидэнд баг хамт олноо танилцуулаач?
-Мэдээж би багтай байж ажиллана. Уран бүтээлийн хувьд би багаа бүрдүүлэхдээ хаана л ур чадвартай, сайн уран бүтээлч байна тэдний эрэлд гардаг. Мөн хамтрагчийнхаа хүн чанар, хариуцлагатай зан чанарыг харж ажилладаг. Киноны уран бүтээлд олон хүн хамтран нэг баг болж ажилладаг. Харин Итгэлийн танхимын ажилд менежер бид хоёр гол ажлаа зохион байгуулдаг. Тэгээд ажлын гүйцэтгэл, бараа бүтээгдэхүүн, хөрөнгөөр маш олон хүн тусалж дэмждэг.
-Баг гэснээс энэ удаагийн киноны багтаа амжилттай яваа залуу уран бүтээлчдийг нэгтгэж ажиллуулсан нь харагдсан. Уран бүтээлийн баг бүрдүүлэхэд хэрхэн эрэл хайгуул хийдэг вэ?
-Намайг тойрон хүрээлж байдаг мундаг хүмүүс их бий. Тэднээсээ их мэдээлэл авдаг. Залуу уран бүтээлчдийнхээ тоглосон киног нь үзнэ. Ер нь тандалтыг бол сайн хийнэ./инээв/ Тэгж байж уран бүтээлд хамтарч ажилладаг. Энэ удаагийн кинонд гол дүрд тоглосон Гэгээнхүсэл буюу Б.Янжиндулам, туслах найруулагч Маралаа нар маань их мундаг охид. Бид “Single Ladies 2” кинонд Солонгос оператортай хамтран ажиллаад, солонгос хэлтэй хүн хэрэг болсон. Тэгээд Маралаа Солонгосоос ирээд орчуулагч хийж өгөхөөр болсон юм. Тэгсэн чинь Маралаа маань ажлыг их мундаг хийж байна. Ер нь би нэг ажлыг сайн хийдэг хүн бусад ажлыг ч мундаг хийдэг гэж боддог. Тэгээд л даалгавар өгөөд л байсан ачаалалтай ч ажлаа маш сайн хийсэн. Тэгээд би энэ кинон дээрээ оюутан хүүхдийг туслах найруулагчаараа тавьсан. Нэг талаараа том эрсдэл боловч тун оносон сонголт байсан. Маралаа маань Солонгост урлагийн чиглэлээр сурдаг. Харин Б.Янжиндуламыг би өмнө нь анзаарчихсан байсан. Би “Single Ladies 2” кинонд ажилласны дараагаар оюутнуудтай уулзалт хийхэд Б.Янжиндуламтай бүр дотно танилцаад, холбоотой болсон. Б.Янжиндулам маань их хөөрхөн, дайчин охин. Тэгээд л би энэ удаагийн киноныхоо гол дүрд түүнийг тоглуулна гэж шийдсэн.
-Та тэдний ээж нь, эгч шиг нь байдаг уу?
-Ээж шиг нь загнаад л, хайрлаад л явдаг./инээв/ Энэ удаагийн уран бүтээлд нийт 400 орчим уран бүтээлчид хамтарч ажилласан. Нээрээ ингээд харахад залуусыг их ажиллуулсан юм байна. Бас киноны маань найруулагч С.Батмөнх Герман улсад сургууль төгсч, тэнд кино найруулж байсан туршлагатай. Гадны кино урлагт олон жил ажилласан найруулагч сонгосондоо баяртай байгаа. Киноны маань бас нэгэн онцлох дүр болох Чимэгцохиогийн дүрд миний хүндэлдэг жүжигчин бол О.Энхтуул эгч тоглосон. Тэр хүнд гоо сайхан, мэдрэмж, хүн чанар, сайхан сэтгэл бүгд байдаг. Тэр сайхан зан чанар нь манай баг хамт олонд сайнаар нөлөөлсөн.
-Та хэр нээлттэй хүн бэ?
-Бид урлагийн хүн учраас миний ажил, амьдрал олон түмэнд ил байдаг. Тийм болохоор миний амьдралын хөрөнгө оруулалтын 50 хувийг үзэгчид бүрдүүлдэг. Би үзэгчдэдээ, тэдний үр хүүхдүүдэд нь зөв үлгэр дууриалал болох ёстой. Тэр чинээгээрээ тодорхой хэмжээгээр хүмүүсийг аз жаргалтай, гудамжаар сэтгэл хангалуун инээж явахад миний хувь нэмэр маш их гэж боддог. Би нээлттэй юм шиг хэрнээ ам чангатай хүн. Ялангуяа хэлэх юмаа аягүй сайн хэлнэ. Хэлэхгүй юмаа яаж байсан ч хэлэхгүй. Тэгсэн мөртлөө жаахан зүйл дээр хадгалж байсан зүйлээ ам алдах нь ч бий.
–Танай гэр бүлийн үнэ цэнэ юу вэ?
-Гэр бүлийн үнэ цэнэ нь гэр бүлийн гишүүд. Бие биедээ хайрыг түгээж байвал гэр бүл улам л үнэ цэнэтэй, аз жаргалтай болно. Манай ихэнх гэр бүл амьдралдаа түүртсэн, би л аз жаргалгүй, зовлонтой байна гэж ханддаг. Энэ нь их амиа бодсон юм шиг санагддаг. Тэгээд л “Чи мөнгө олж ирэх ёстой”, “Намайг хайрлах ёстой” гээд л…. үүнд би их эмзэглэдэг. Уг нь тэр болгоныг өөрөө хийх ёстой. Дэргэдэх ханиа өөрийн хүсч байгаа шигээ хайрлах хэрэгтэй. Үр хүүхдээ ч гэсэн сайн хүн болоосой гэж хүсдэг ч хэзээ ч сайн үлгэр дууриал болж чаддаггүй шүү дээ.
-Та хошин урлагийн тайзнаа дахин тоглох уу?
-Ер нь бодсон санасан зүйл бий. Тэр болгоныг ажил болгоогүй л байна. Би өөрийгөө анзаараад байхад хэн намайг наашаа гэнэ тэр хүнд туслах дуртай. Тэрэн шиг И.Одончимэг эгч намайг “Тоглолтод орооч” гэж урихад нь би хүндэлдэг жүжигчнийхээ саналыг баяртайгаар хүлээн авсан. Тэгээд л би ажил ихтэй байсан ч зөвшөөрч, хамтран ажилласан.
-Таныг тэмдэглэл хөтөлж, сандал цуглуулдаг гэж сонссон юм байна. Энэ хобби тань хэвээрээ юу?
-Хэвээрээ. Сандалны цуглуулга маань тоогоо алдсан. Энэ цуглуулга надад хайртай хүмүүсийн буянаар нэмэгдээд л байна. Би өөрөө нэмэхээ больчихсон/инээв/. Би сандалаа тоолоод байдаггүй. Хааяа тоосыг нь арчаад л тавьдаг.
-“Амьдралоги” киноны нээлтийн үеэр охин нь тусалж харагдсан. Охин нь урлагийн авьяастай юу?
-Миний охин ээждээ тусалсан. Охин маань бүжиглэдэг. Мэргэжлийн биш ч сайн бүжигчин. Охин маань урлагийн хүнд дуртай ч урлагийн хүн болохгүй гэж ярьдаг.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД