Хотын хэт төвлөрөл, утаа, хөрсний бохирдолд нөлөөлж байна. Энэ тухай иргэд агаарын бохирдол нэмэгдсэн энэ үед илүү хөндөж ярих боллоо. Хотын утаа, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл гээд хуримтлагдсан олон асуудлыг шийдэхийн тулд нийслэл юу хийх ёстой вэ? Энэ асуултад “Их, дээд сургуулийг хотоос нүүлгэж, төвлөрсөн оюутны хотхон байгуулах”, “Бүх төрлийн нэгдсэн том захуудыг хотын зах руу нүүлгэн шилжүүлэх” зэрэг гарцыг ихэнх иргэд, судлаачид санал болгодог.
Харин таны бодол юу вэ?. Энэ талаар бид иргэдэд “Зах, худалдааны төв, их дээд сургуулийг хотын зах руу төвлөрүүлэх нь зөв үү” гэсэн асуулт тавьж, хариулт сонслоо.
-Зах, томоохон худалдааны төвүүдийг зохион байгуулалттайгаар тарааж байрлуулах нь зөв. Налайх, Багануурт хуваарилж, нүүлгэх хэрэгтэй. Гол нь зохион байгуулалтыг сайн хийж чадвал хотын энэ их шигүү, битүү байдал бага ч гэсэн буурна гэж бодож байна.
-Захуудыг хотоос гаргавал түгжрэл саарахгүй. Дэлгүүрүүдийг чиглэсэн хөдөлгөөн адилхан нэмэгдэнэ. Ялгаа байхгүй. Анхнаасаа хот төлөвлөлтийг сайн хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Хөгжилтэй оронд захууд хотын төвдөө байдаг. Европын ямар ч оронд ийм л байдаг. Монголын иргэд ядуу байна. Ийм байхад зах руугаа очихын тулд хотоос гарна гэдэг хэцүү.
-Өдөр тутамдаа үйлчлүүлдэг хүмүүст хэцүү болно. Захын худалдаачдын ч орлого багасч, хэдэн зуун хүний амьдрал доройтоход хүрэх байх. Миний хувьд хөдөө амьдардаг болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан зах, худалдааны төв, их, дээд сургуулийг хотоос гаргана гэдэг буруу гэж бодож байна.
-Дэмжихгүй байна. Учир нь ганц, хоёрхон юм авах гэж хаа байсан хотын зах руу явна гэдэг хэцүү. Цаг зав, мөнгө төгрөгөөс эхлээд хүндрэл үүснэ. Захууд хотод байсны буруу гэж байхгүй.
-Зөв, дэмжиж байна. Агаарын бохирдол, тоос тортог, хөрсний бохирдол ихтэй ийм нөхцөлд амьдарсаар залхаж байна. Үнэхээр хэцүү байна шүү дээ. Бид үр хүүхдүүдээ боддог л юм бол зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Түүнийг иргэд хүлээж авах ёстой. Түгжрэл, хөрс, агаарын бохирдол хотын хэт төвлөрөлтэй шууд хамаатай. Тийм учраас хотоо аль болох чөлөөлөх нь зөв гэж бодож байна. Биелдэг бол сайн л байна. Даанч энэ тухай сүүлийн 20 жил ярьж байна. Хэн ч тууштай алхам хийсэнгүй.
-Хотын түгжрэлийг бууруулахад зах, худалдааны төвийг гаргалаа гээд дорвитой өөрчлөлт гарахгүй байх. Түгжрэл үүсгэлээ гэж хэлээд “Өгөөмөр” захыг нүүлгэсэн. “Өгөөмөр” захын 80 хувь нь нүүсэн байх. Гэтэл түгжрэл хэвээрээ л байна. Тийм болохоор зах, их дээд сургуулийг нүүлгэлээ ч дорвитой өөрчлөлт гарахгүй гэж боддог.
-Би өөрөө “Нарантуул” захад наймаа эрхэлдэг. Хаа байсан Налайхын орчимд очвол хэн тийшээ явах вэ. Худалдан авалт ч үгүй болно. Иргэдэд хүндрэл үүснэ. Тиймээс гол нь замаа өргөтгөж, бусад арга хэмжээг авах хэрэгтэй. Ядаж л машин зам руу шахаж барилга барьдаг байдлаа зогсоохоос эхлэх нь зөв байх. Хөл гишгэх газаргүй болтол барилгын зөвшөөрөл олгодгоо болих хэрэгтэй.
-Хүнс, бараа биш машин, техникийн захуудыг бол хотоос гаргаж болох байх. Машин, техникийн захыг хотоос гаргахгүй бол хөрсний бохирдлоос эхлээд олон сөрөг нөлөөтэй. Харин иргэдийн амин зуулга болсон хүнс, барааны захыг байранд нь үлдээмээр байна. Жил ирэх тусам хүн ам нэмэгдэж байна. Тэгэхээр хотоо тэлэх л шаардлага бий. Хотынхоо хаяаг тэлж, яваандаа тарж байршаад ирэхээр түгжрэл буурах байх.
Бэлтгэсэн Б.ЗАЯА