Дональд Трамп сонгуулийн амлалтаа сануулах мэт Мексикийн песо мөнгөний ханшийг унагалаа. Америкаас авч, америкчуудыг хөлсөл гэсэн зарчмаар Трампын засаг захиргаа ажиллаж байна. Трамп энэ удаа шүүмжлэлээ “General Motors” компани руу чиглүүлэв. Тэднийг автомашинаа Мексикт угсарч, АНУ-д гаалийн татваргүйгээр авчирч байна гэж Трамп шүүмжилжээ.
"Америкт үйлдвэрлэлээ явуул, эсвэл гаалийн татвараа төл!" гэсэн сануулгыг ерөнхийлөгч Трамп өөрийн твиттерт хуудаснаа ч жиргэж амжив. Нэг ёсондоо тэр Цагаан ордонд ирэнгүүтээ зөөврийн татвар тогтооно гэсэн бодлоо хэрэгжүүлж эхэлж байна. Түүний шүүмжлэлийг өөр нэг бай нь автомашин үйлдвэрлэгч “Ford” байв. Концернийн удирдлага саяхан Мексикийн Сан Потоси хотод машин угсрах үйлдвэр байгуулах төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. “Ford” Мичиган дахь үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хибридын болон цахилгаан машин үйлдвэрлэхээр болжээ.
Сануулахад, Дональд Трамп сонгуулийн үеэр Мексикийн хилийн дагуу хана босгож, дүрвэгчдийн болон хар тамхины урсгалд хяналт тавина гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. Энэ сэдэв түүний ялалтын дараа ч яригдсаар байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр Трамп Үндэсний аюулгүй байдлын яамандаа хандан янз бүрийн асуулга авчээ. Хил дээр барих ханыг тэрбээр тангараг өргөснийхөө дараагаас барьж эхлүүлэхээр төлөвлөсөн байж магад. Энэ мэт байдал зах зээлд нь шууд нөлөөлж, мексик песогийн доллартай харьцуулсан ханш шууд хоёр хувиар унажээ. Үүгээр зогсохгүй, валютын арилжааны хаалт түүхэн дэх бага хэмжээний төвшинг даваа гариг /2017.01.02/-ийн арилжаа харууллаа.
Дашрамд дуулгахад, өөр нэгэн валют болох турк лир түүхэн уналтаа үргэлжлүүлэв. Шинэ оны шөнө гарсан террор, тус улсад инфляцийн өсөлт 8,5 хувиас давсан зэрэг шалтгааны улмаас турк мөнгөний ханш унасан байна.
Ш.МЯГМАР