–21 аймгийн Үндэсний Супер лигийн шөвгийн наймын тоглолтод АНУ, БНАСАУ-ын тамирчид оролцохоор болжээ–
2016 онд сагсан бөмбөгчид олон улсын томоохон тэмцээнд өндөр амжилтыг үзүүлж, багийн спорт хөгжих боломжтой гэдгийг харуулсан билээ. Монголын сагсчид өнгөрсөн онд есөн олон улсын тэмцээнд оролцож, найман медальтай ирсэн. Тэр дундаа 3х3 төрлийн оюутны ДАШТ-д БНХАУ, Малайз, Унгар, Австрали, Ливаны хүчирхэг багуудыг хожиж, мөнгөн медалийн эзэд болсон. Тэд энэ амжилтаараа оны спортын шилдгүүдэд олгогддог “Бөртэ чоно” цомын эзэн болсон билээ. Ингээд Монгол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгатай ярилцсанаа хүргэж байна.
-2016 он бол сагсчдын хувьд түүхэн амжилтын жил байсан. Хамгийн сүүлд ОХУ-д болсон тэмцээнээс Монголын өсвөрийн тамирчид хоёр алтан медальтай ирлээ. Эндээс яриагаа эхлэе?
– Өнгөрсөн онд бол сагсан бөмбөгийн тамирчдын хувьд багийн спорт хөгжих боломжтой гэдгийг харуулсан сайхан жил байлаа. Оны хамгийн сүүлийн тэмцээн Эрхүү хотноо болсон. Энэ тэмцээн өсвөрийн ангилалд болдог бөгөөд ОХУ-ын мужийн 10, Монголын дөрвөн баг оролцлоо. Гэхдээ U-10, U-11 насанд манай тамирчид өрсөлдөгч бүрээ хожсоор аваргын алтан медалийг хүртсэн. Энэ амжилт өмнө гаргасан олон улсын тэмцээний амжилтуудыг бататгаад өгсөн. Яагаад гэхээр багийн спортоор бид амжилт үзүүлж боломж юм байна гэдгийг харуулж чадсан. Ирээдүйн залгамж халаа болсон тамирчдаа бид багаас нь тэр дундаа цэцэрлэгийн бүлгээс эхлэн анхаарч ажилласны үр дүн гарч байна. Тэд өөрөөсөө 10-20 см-ийн өндөртэй үеийнхээ хүүхдийг хожиж чадсан. Энэ бол монголчууд ямар их чадвартай гэдгийг харуулсан үйл явдал болсон.
-Тус тэмцээний гарааны шилдэг тавд Монголын дөрвөн тамирчин багтсан шүү дээ?
-Тиймээ. Эрхүүгийн олон улсын тэмцээн бол маш өрсөлдөөнтэй болсон. Тэр дундаа манай дөрвөн багаас хоёр нь алтан медаль авсан бол хоёр нь хүрэл медалийн төлөө тоглосон. Өсвөрийн шилдэг тамирчдаа бүрдүүлж, хойд хөршийн багтай тэнцүүхэн тоглолт өндөр амжилтыг гаргалаа. Тэмцээний дараа “Билэгдлийн гарааны таван тоглогч”-ийг шалгаруулсан. Үүнд 10 насанд П.Энгүүн, Б.Энхбаяр, 11 насанд Т.Төрбаяр, О.Төрболд нар багтсан байгаа. 12 жилийн өмнө багийн спорт монголд хөгжихөд дэндүү хол байна гэдэг байлаа. Тэгвэл үүнийг сагсан бөмбөгчид маань нээж, олон улсад томоохон амжилтыг гаргасан амжилтаараа бататгасан.
БНХАУ, Франц, Ливан, Монголын баг шилдэг дөрөвт үлдэж, алт, хүрлийн төлөө тоглосон доо. Бид Ливаны хүчирхэг багийг 21:18-аар хожиж, Францад 19:12 онооны харьцаагаар дийлдсэн.
–Дэлхийн аваргад оролцох шалгуур өндөр байдаг. Харин Монголын залуус 3*3 төрлийн оюутын ДАШТ-д оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэхүү амжилт бол түүхэн амжилт.
-Тиймээ. 2016 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шиамень хотноо нэг том тэмцээн болсон. Энэ бол 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны ДАШТ байлаа. Энэ тэмцээнд манай баг Ази тивээсээ БНХАУ-ын багийн хамт оролцох эрхийг авсан. Бид энэ тэмцээнээс их зүйлийг хүсээгүй ч гэлээ медалийн төлөө өрсөлдөх зорилготой явсан. Мэдээж тоглолт бүр хүнд болсон. 3х3 төрлийн хувьд талбай дээр 10 минут тоглодог. Бид эндээс явахын өмнө бэлтгэлээ сайн хангаж чадсан. Хэсэгтээ БНХАУ, Малайз, Унгар, Тайландын 2-р багтай таарсан. Хэсгийн тоглолтоос эхлэн хүчтэй өрсөлдөгчийг хожиж, цааш медалийн төлөө өрсөлдөх боломж байгааг харсан. Хагас шигшээд үлдэхийн тулд Австралийн багийг хожих даалгавартай. Тамирчид маань маш сайн тоглож, 19:12 оноогоор өрсөлдөгчөө хожиж чадсан. Ингээд БНХАУ, Франц, Ливан, Монголын баг шилдэг дөрөвт үлдэж, алт, хүрлийн төлөө тоглосон доо. Бид Ливаны хүчирхэг багийг 21:18-аар хожиж, Францад 19:12 онооны харьцаагаар дийлдсэн. Гэхдээ энэ мөнгөн медаль бол монголчуудын хувьд түүхэн амжилт. Багийн спортоор дэлхийн аваргаас авсан анхны медаль шүү дээ.
-3х3 төрөл олимпийн наадамд оролцохоор яригдаад эхэллээ?
-Тиймээ. Яагаад гэхээр олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр явагддаг. Гэтэл волейболчид дөрвөн багц медалийн төлөө өрсөлддөг. Тэд волейбол, элсний волейбол гэсэн төрлүүдээр өрсөлддөг. Харин сагсан бөмбөгийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох үүднээс 3х3 төрлийг олимпийн наадамд оруулах талаар ярилцаж байна. Тэгэхээр монголын сагсчид 3х3 төрлөөр олимпийн наадамд оролцох боломжтой.
-21 аймгийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээн үр дүнгээ өгөөд эхэллээ. Энэ жил хоёр дахь удаагаа болж байгаа тэмцээнд 12 баг оролцож байна. Харин шилдэг найман баг тун удахгүй тодорно. Та энэхүү тэмцээний явцын мэдээллийг өгөхгүй юу?
-Багийн спортыг хөгжүүлэх олон арга зам байдаг. Бид эхнээс нь ажлаа хийгээд явж байна. Зөвхөн Улаанбаатар хотод биш орон нутагт ч энэ спортыг хөгжүүлэх бүрэн боломжтой. 21 аймгийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 2016-2017 оны лигийн тэмцээнд 12 аймгийн баг оролцож байгаа. Тун удахгүй шилдэг найман баг тодорч цааш хагас шигшээд үлдэх эрхийн төлөө өрсөлдөнө. Бид энэхүү тэмцээнийг улам сонирхолтой байлгах үүднээс шөвгийн наймын эхний тоглолтыг орон нутагт явуулахаар төлөвлөж байна.
-Энэ их сонирхолтой санаа байна. Тэгэхээр шилдэг наймд ямар аймгийн багууд үлдэх магадлалтай байна вэ?
-Энэ долоо хоногийн хэсгийн сүүлийн тоглолтууд болно. Багуудад хожигдох эрх байхгүй. Тэд шилдэг наймд үлдэхийн тулд хичээж байгаа. Одоогоор Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн багууд цааш өрсөлдөх боломжтой. Бид эхний тоглолтыг тухайн аймагт хийхээр төлөвлөж байна. Бас нэг сайхан мэдээлэл байна.
-Ямар?
-21 аймгийн тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс тухайн аймгаас төрөн гаран урлаг, соёл, спортын алдартнуудыг оролцуулдаг. Мөн легионер тоглогчид ч тоглож байна. Бид шөвгийн наймын тоглолтыг сонирхолтой байлгах үүднээс БНАСАУлсын шигшээ багийн дөрвөн тамирчинг дасгалжуулагчийн хамт авчирлаа. Тэд маргааш монголд ирнэ. Гол нь АНУ, БНАСАУ-ын залуус нэг багт тоглох боломж монголд гарах гэж байгаад гол утга учир нь байгаа юм.
-Тэгэхээр бидэнд АНУ, БНАСАУ-ын залуусын тоглолтыг үзэх боломж тун удахгүй гарах нээ?
-Тиймээ тун удахгүй. БНАСАУ-ын шигшээ багийн тамирчдыг багуудад хувиарлана. Мөн Сүхбаатар аймгийн багт АНУ-ын тоглогч бий. Гэтэл тус аймагт АНУ, БНАСАУ-ын тамирчид хүчин зүтгэх гэж байна. Бид “Чингис хаан кап” тэмцээн дээр БНСУ, БНАСАУ-ын тамирчдыг тоглуулж чадсан. Тэгвэл одоо Монголд АНУ, БНАСАУ-ын тамирчид нэг багт тоглох гэж байна.
-Одоо эргээд санахад 2012 онд “Мөрөөдлийн баг” тэмцээнийг зохион байгуулж байсан шүү дээ?
-Сагсан бөмбөгт дуртай олон улс төр, нийгмийн зүтгэлтнүүд байдаг. 2012 онд тухайн үед Ерөнхий сайд байсан С.Батболдын санаачилсан “Мөрөөдлийн баг” тэмцээнийг зохион байгуулж байлаа. Энэ тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс 300 мянга гаруй хүүхэд идэвхтэй оролцсон. Тус тэмцээнд АНУ-ын NBA-ийн од, супермэн хочит Двайт Ховард хүртэл ирсэн шүү дээ. Мөн бид С.Эрдэнэ сайдтай хамтран ажиллаж, сагсан бөмбөгийн хөгжлийг өөр түвшинд авчирсан. Сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэсэн олон эрхмүүд бий. Бид энэ спортын хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүртэй хамтран ажиллахад бэлэн.
-Багийн спорт хөгжих боломжтойг сагсчид та бүхэн өнгөрсөн онд харууллаа. Гэхдээ энд хүрэх цаг хугацаа амаргүй байсан байх?
-Бид сагсан бөмбөгийг хөгжүүлэх гэж 10 гаруй жил явлаа. Харин өнөөдөр хөгжлийн “Алтан түлхүүр”-ээ оллоо. NBA 60 жил болж байна. Бид NBA-гийн арвин их туршлагаас олон зүйлийг оллоо. Тиймээс багийн спорт хөгжүүлэхэд амаргүй байсан ч монголын залуус ямар хүчтэй гэдгийг олон улсад харуулаад эхэллээ. Энэ л хангалттай байна. Гэхдээ бас саад бидэнд байсаар байна. Яагаад гэхээр эв нэгдэлгүй байх энэ үзэл бидэнд их саад болж байна даа.
-Ямар саад байна вэ?
-2019 оны дэлхийн аваргын тэмцээний сонгон шалгаруулалт энэ оноос эхлэх гэж байна. Гэтэл Монголын багийг энэ шалгаруулалт оролцуулахгүй гэсэн хаалт үүсээд байдаг. Хэсэг нөхдүүд олон улсад Монголын сагсан бөмбөгийн холбоо дотоодын зөрчилтэй гэдэг захидлыг өглөө. Бид үүнд л их гайхаж байгаа. Уг нь бид хуулийн дагуу 2016 оны хоёрдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбооны Бүх гишүүдийн хурлыг хийж, даргаар нь Ц.Цэвэрбалыг тавьсан. Энэ хуралд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-н албан ёсны төлөөлөгч оролцсон. Харин дотоодын энэ хэцүү байдал бидэнд их саад болж байгаад харамсаж байна.
-Та хэсэг нөхөд гэдгийг дурдаж болох уу?
-Уг нь бид сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх гээд зүтгээд байгаа. Олон улсад Монгол гэдэг нэрийг гаргахын тулд хичээж явна шүү дээ. М.Анарыг муу зүйлд ашиглан энэ сайхан спортыг маань улстөртэй хутгах гэж байгаад харамсаж сууна. Анарын хувьд сагсан бөмбөгт элэгтэй өөрөө тоглодог байсан сайн залуу. Бид чин сэтгэлээсээ сагсан бөмбөгт хайртай, энэ спортыг улс төртэй хутгахгүйгээр хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг хэн бүхэнтэй хамтран ажиллана. Заримдаа надад бухимдах зүйл их байдаг. Гэхдээ бид нэг л зорилгын төлөө явж байна. 26 жилийн өмнө социализм байх үед Монголын сагсан бөмбөгийн амжилт ямар байлаа. Тухайн үед гаргасан ахмадуудынхаа амжилтыг бид ахиулсаар байна. Тиймээс цааш хийх зүйлдээ хамтраад хийгээд явж яагаад болохгүй гэж. 2014 оны Азийн наадмаас эхлээд монголын сагсчид багийн спорт хөгжих боломжтойг харуулсан. Мөн спортын тухай хуулинд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Бид сагсан бөмбөгт дуртай сэтгэлтэй тийм л хүмүүстэй хамтран ажиллаж, Монголынхаа нэрийг олон улсад гаргахын төлөө л хичээж байна даа.
-Нэг үе Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг байсан. Одоо харин сагсан бөмбөгчид олон улсын тавцанд амжилт гаргаад ирлээ. Сагсан бөмбөгчдийг энэ амжилтад хүргэхийн тулд та болон танай хамт олон хэрхэн хөдөлмөрлөж байсныг монголчууд мэднэ. Төрөөс нэг ч төгрөг авахгүй өдий зэрэгт хүрсэн гэлээ. Одоо спортын салбарын сайд дарга нарт хандаж юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт спортын сайд Я.Батсууриас багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгт анхаарлаа хандуулаасай. Хоёрдугаарт сагсан бөмбөгийн гэр бүлээс төрөн гарсан БТСГ-ын дарга Ц.Шаравжамц та бүх түвшний лигт тоглож буй сагсан бөмбөгчдөө бодон “Үндэсний супер лиг”-ийг эхлүүлэх Спортын төв ордонд заалыг энэ спортыг үзэх дуртай хөгжөөн дэмжигчдэдээ зориулан гаргаж өгнө үү. Гуравдугаарт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар FIBA-гаас МСБХ-ны шинэ удирдлагуудыг хүлээн зөвшөөрсөн байсныг үл ойлголцох байдал үүсгэж, түдгэлзүүлсэн алдаагаа засаж, 2017 онд эхлэх сагсан бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцуулж өгөхийг сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс хүсье..