Агуу Барезигаас гарын үсэгтэй бөмбөг гардана чинээ санасангүй

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Агуу Барезигаас гарын үсэгтэй бөмбөг гардана чинээ санасангүй

Санаанд оромгүй юм гэж байх юм аа. Домогт Франко Барези “Милан”-ы өсвөрийн багийн дасгалжуулагчдын хамт Монголд ирсэн нь манай улсын спортын түүхэн дэх гайхамшигт үйл явдлын нэг гэхэд хилсдэхгүй. Дэлхийн дөрвөн удаагийн аварга алдарт Италийн шигшээ баг, “Аваргуудын лиг”-ийн долоон удаагийн түрүүт домогт “Милан” клубийн ХХ зууны шилдэг хөлбөмбөгч Барези ирсэн нь спортын хорхойтнуудыг догдлуулж, бүгдэд нь “Гар барьж, хамтдаа зураг татуулахсан” гэсэн хүслийг төрүүлсэн. Багаасаа хөлбөмбөг, тэр тусмаа Барезиг үзэж, харж, биширч өссөн миний бие ч энэ агуу хүнтэй патиараа татуулахыг эрхгүй хүссэн минь хэд дахин даван биелэв.

“С1” телевиз, АПУ компанитай хамтран зохион байгуулдаг “Нийслэл хэмнэл” нэвтрүүлэгт Италийн алдарт хөлбөмбөгч уржигдар уригдан оролцлоо. Домогт хөлбөмбөгчийг “Дэлхийн супер одод л ийм хүндэтгэл үзүүлдэг байх даа” гэмээр угтан авсанд Барези ихэд догдолж буй харагдсан. Тэрбээр Монголд ирсэн зорилгоо товч танилцуулсныхаа дараа тамирчин байх үеийнхээ тухай энгүүн сайхан хууч дэлгэв. Италийн шигшээ болон “Милан” клуб үеийн үед төмөр мэт хамгаалалтаараа гайхагддаг. Барезид хамгийн их түвэг уддаг тоглогч байсан нь агуу Диего Марадона гэнэ. Тэд “Милан”-“Наполи”, Итали-Аргентиний тоглолтын үеэр хоорондоо олон удаа тулсан нь тодорхой.

Итали-Аргентин гэснээс Барези ба түүний нөхдөд 1990 онд нутагт нь болсон ДАШТ-д түрүүлэх боломж өндөр байсан. “Скуадра Аззура” /Италийн шигшээ баг/ хэсгийн гурав, бага, болон дунд шөвгийн нэг, нийт таван тоглолтод хаалгандаа гоол алдалгүй, хагас шигшээд үлдсэн. Энд Аргентинтай тулж, цуврал торгуулийн цохилтод ялагдсанаар дэлхийн аварга болох мөрөөдлөө дөрвөн жилээр хойшлуулахад хүрсэн билээ. Италийн шигшээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Английг ялснаар ор хоосон үлдчихээгүй.

“Нисванис” хамтлаг агуу Барезид зориулж, “Итали-90” ДАШТ-ий сүлд дууг амьдаар тоглож, сэтгэлийг нь догдлуулав. Үүнд итали эр ихэд баярлаж байлаа. Дараа нь дэлгэц дээр 1994 оны ДАШТ-ий бичлэг гарч, аваргын төлөөх Бразил, Италийн тоглолтын хэсгээс сонирхуулав. Тоглолтын явцад Барези бэртэж, эмчийн тусламж авсан ч үргэлжлүүлэн тоглосон юм. Тэрбээр “Энэ бол дуусгахгүй орхиж боломгүй тоглолт байсан” хэмээлээ. Тэрхүү тулаанд Бразил агуу довтлогчдыг Италийн төмөр мэт хамгаалалт хааш нь ч хөдөлгөлгүй барьж, үндсэн болон нэмэлт цагт 0:0-ээр тэнцсэн. Хожим Бразилын алдарт довтлогч Ромарио тэр тоглолтыг “Миний амьдралдаа үзсэн хамгийн айм­шигтай хамгаалалт” хэмээн дурссан нь бий. Ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулах болоход Италийн багийн эхний цохилтыг гүйцэтгэсэн Барези бөмбөгөө хаалга давуулан өшиглөж, улмаар “Скуадра Аззура” ялагдал хүлээсэн түүхтэй. Тэрбээр “Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн нь олон хүний сэтгэлийг догдлуулсан.

Нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт хөтлөгч үзэгчдийн дунд домогт “Милан” багтай холбоотой асуулт тавьсан. Энэ үед үүнийг тэрлэгч миний аз шовойж, асуултыг онож хариулснаар шагнал хүртэх эрхтэй болсон билээ. МХБХ-ны “Боргио цом” тэмцээний албан ёсны бөмбөг дээр агуу Барези гарын үсгээ дурсгасан нь амьдралд минь тохиосон гэнэтийн, гайхалтай үйл явдал байлаа. Түүний гарын үсгийг ажихад 6 дугаар нь эрхгүй ялгарч, олон зүйл бодогдуулав. Барези Италийн шигшээ болон “Милан”-д энэ дугаартай тоглож байсан. Түүнийг зодог тайлсны дараа “Милан” клуб дугаарыг нь мөнхөлж, өөр ямар ч тоглогчид өгөөгүй нь Барезиг хэн бэ гэдгийг илэрхийлнэ. Энэ эрхмийг цэнхэр дэлгэцээр л харж, сэтгэлдээ бодож явснаас хамтдаа зургаа татуулаад, гарын үсгийг нь авна чинээ зүүдэлж байсангүй ээ. Санаанд оромгүй юм гэж байх юм аа.

Д.Нанжид

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж