АНУ-ын зах зээлд нийлүүлэх автомашины үйлдвэрийг Мексикт барьсан тохиолдолд их хэмжээний татварын дарамттай учрах болно гэж АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Toyota компанийг сүрдүүлжээ. АНУ-ын зах зээлд борлуулалт сайтай байдаг Corolla маркийн автомашины үйлдвэрийг АНУ-д бус, Мексикт барьсан тохиолдолд их хэмжээний гаалийн татвар төлөх ёстой гэж тэр үзэж байна. Тэрбээр “Toyota Motor АНУ-ын зах зээлд нийлүүлэх Corolla-г үйлдвэрлэхээр Мексикийн Бахад шинэ үйлдвэр барина гэж байна. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ! Нэг бол АНУ-д үйлдвэр барь, үгүй бол гаалийн өндөр татвар төл” гэж жиргэсэн юм. АНУ-ын хилийн гадна илүү хямд зардлаар автомашин үйлдвэрлэх болсон авто үйлдвэрлэгчдийг тэр шүүмжилсээр байгаа юм.
Toyota-гийн ерөнхийлөгч Акио Тоёода ирээдүйн ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараа Мексик дэх авто үйлдвэрлэлээ хязгаарлах бодол ойрын төлөвлөгөөнд байхгүй гэсэн байна.
Toyota компанийн АНУ дахь салбарын удирдлага энэ асуудлаар гаргасан мэдэгдэлдээ Мексикт шинэ үйлдвэр ажиллаж эхэлсэн ч АНУ дахь үйлдвэрлэл, ажлын байр буурахгүй гэдгийг онцолжээ. Тус компани АНУ-ын нутаг дэвсгэрт 10 салбар үйлдвэртэй юм байна. Трампын энэ мэдэгдлийн дараа “Toyota” компанийн хувьцааны ханш Токиогийн хөрөнгийн биржид гурав орчим хувиар буурчээ.
Toyota төв Мексикт нэг тэрбум ам.долларын өртгөөр Corolla маркийн автомашин үйлдвэрлэх үйлдвэр байгуулах тухай төлөвлөгөөгөө 2015 оны дөрөвдүгээр сард зарласан. Үйлдвэрийн барилгын ажил 2016 оны арваннэгдүгээр сард эхэлжээ.
С.ЦЭЛМЭГ