Дэд бүтцийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн өнөөдөр /2017.01.07/ Орхон аймгийн “Уурхайчин” соёлын төвийн урд талбайд 12.00 цагаас тайван жагсаал зохион байгуулжээ. Мөн тэд энэ жагсаалын үеэр хэргийн тухай шинэ баримт дэлгэнэ гэсэн юм.
Гэвч иргэдийн жагсаал 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 40 минут орчим үргэжилсний дараагаар жагсаалыг хууль хяналтын байгууллагынхан тараасан байна.
Дээрх жагсаалыг зохион байгуулахын тулд Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн зөвшөөрөл хүссэн ч олгоогүй аж. Зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг хариуг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өгсөн байна. Тэрбээр “Хөрш зэргэлдээ аймаг, орон нутагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан учраас нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийхийг хориглосон сумын Засаг даргын захирамж гарсан” гэжээ.
Жагсаалын үеэр Т.Чимгээгийн ээж Маруш “Миний охин 1969 онд төрсөн. Гэртээ гурван хүүхдээ хараад л амьдардаг. Миний охин ял авсанд Ц.Амгаланбаатар холбоотой. Хууль, шүүхийн байгууллага үнэнийг шийднэ гэж найдаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр миний охинд 24 жилийн ял оноолоо. Миний охин энэ ялыг сонсоод маш их балмагдсан. Саяхан төрсөн ах нь очиж уулзсан. “Намайг эндээс гаргаад өгөөч” гэж гуйсан гэсэн. Би болдогсон бол хаалгыг нь онгойлгоод охиноо гаргаж авмаар байна” гэжээ.
Харин С.Зориг агсны хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа “Манай хүүг 461 дүгээр хорих ангид долоо хоногийн турш хэрэг хүлээлгэх гэж дарамталсан. Ц.Амгаланбаатар гэх энэ хүн яахаараа хоёр хүнийг чирч байгаа юм бэ. Миний хүү хэрэг гарах үед аавтайгаа хөдөө байсан. Би Улсын дээд шүүхэд өргөх бичиг барина” хэмээн ярьсан талаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан хэллээ.
А.СҮРЭН