Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өрсөлдөх боломжийг илүүтэй тусгасан

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өрсөлдөх боломжийг илүүтэй тусгасан

Харилцаа холбооны зохицуулах хорооны байранд өнөөдөр /2017.01.05/ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өгсөн үүргийн дагуу боловсруулсан. Зарчмын хувьд энэ салбарт хууль эрхзүйн орчин дутагдалтай байсан нь үнэн. Нөгөө талаар технологийн шинэчлэлээс хамаарч өргөн нэвтрүүлгийн салбарын талаарх ойлголтын зөрүү их гарч байгаа. Үүнийг эрх зүйн орчинд нэн даруй шийдвэрлэх нөхцөл үүссэн. Ер нь өмнөх дөрвөн жилд энэ хуулийн төсөл олон хувилбараар явж байсан. Энэ удаа бүгдийг нэгтгэж, олон талаас нь судалснаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг өргөн барьсан. Энэхүү хуулийн суурь зарчим нь өргөн нэвтрүүлгийн салбар гэж юу вэ, яаж тодорхойлох талаар эрх зүйн хувьд нэгдсэн ойлголттой болгосон. Мөн шинэ хуулиар энэ салбарын өрсөлдөөнийг маш сайн дэмжсэн байгаа. Өргөн нэвтрүүлэгт бүх төрлийн дамжуулж байгаа субеъктуудын оролцоо, нэвтрүүлэг бэлтгэгч байгууллагуудын хөтөлбөрийн асуудлыг тусгасан зохицуулалтыг тодорхой болгож өгсөн” гэв.

Мөн тэрбээр радио телевизийн салбарт үйл ажиллагаа явуулахад ямар нөхцөл шаардлагатай, контент бүтээгчдийн хөтөлбөрийг хэрэглэгчдэд хүргэх тал дээр тодорхой тусгасан гэдгийг хэлж байв.

Кабелийн сувгууд нь арилжааны телевизийн салбарт хамаарах аж. Өөрөөр хэлбэл Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн шаардлагад нийцсэн телевизүүд бусад өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй өрсөлдөх боломжийг тусгасан тухай албаныхан ярилаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж