Хятадын Нанжин хотын шүүх хуурамч банк байгуулж, иргэдээс их хэмжээний мөнгө завшсан этгээдүүдэд ял оноожээ. Зэнь болон Хө овогт хоёр этгээд өөрсдийн байгуулсан хуурамч банкаар дамжуулж олон тооны иргэдээс 435 сая юань (158,3 тэрбум орчим төгрөг) завшсан байна. Тэднийг шүүх 9-9,5 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Хуурамч банкны байрны дотоод заслыг төрийн өмчит банктай төстэй байхаар тохижуулж, харилцагчдад үйлчлэх цонхтой, ажилтнууд нь дүрэмт хувцастай, бүр түүнчлэн дансанд мөнгө байршуулах орлогын баримт хүртэл хуурамчаар үйлдсэн байжээ. Орон нутаг дахь салбар тооцооны төв байдлаар ажиллаж байсан тус банк нь үйл ажиллагаа эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй, хэлбэр төдий зүйл байсан гэнэ.
Анх 2012 онд хөдөө аж ахуйн санхүүгийн зөвлөгөө өгөх зорилгоор үүсгэн байгуулсан компаниараа дамжуулж тэд иргэдэд өндөр хүү амлаж, иргэдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр татах болон байна. Шүүхээс ял сонссон хоёр гэмт этгээдийн нэг нь өмнө нь төрийн өмчит банкинд ажиллаж байсан бөгөөд ажилчдыг банкны стандартад нийцүүлэн бэлтгэсэн байжээ. Тэд харилцагчдад банкны үйл ажиллагаа, эздийн талаар мэдээлэл өгөхийг ажилтнууддаа хориглодог байсан гэнэ.
Хуурамч банкаар үйлчлүүлж байсан нэгэн бизнесмэн банк амласан хүүгээ өгөөгүй учир цагдаагийн байгууллагад хандсанаар тэдний хууль бус үйлдэл илэрсэн байна.
С.ЦЭЛМЭГ