Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт цаг агаар ямар байх талаарх урьдчилсан төлөв гаргажээ.
Нэгдүгээр сарын 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-11-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус байна. Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх ажээ.