МСНЭ-ийн онц их хурал хуралдуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

МСНЭ-ийн онц их хурал хуралдуулахыг шаардлаа

МСНЭ-ийн үйл ажиллагаа доголдолтой, байнгын биш, баяр ёслол тэмдэглэхээс хэтрэхгүй байна хэмээн үзэж Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хамаарч, өдөр тутам сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулж буй хэсэг сэтгүүлч дараах үндэслэлээр МСНЭ-ийн онц их хурлыг зарлахыг шаарджээ.

Үүнд "Хэвлэл мэдээллийн салбар чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 21 дэх жилийн нүүрийг үзэж байгаа боловч чанарын хувьд дорвитой өөрчлөгдсөнгүй. Энэ өөрчлөлтийн түүчээ нь болох ёстой, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй МСНЭ нь өнгөрсөн хугацаанд үзэг нэгт нөхдийнхөө эрх ашгийг тууштай хамгаалж илэрхийлж чадахгүй байна. Хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хууль эрх зүйн акт, дүрэм журам боловсруулах, батлах процесст МСНЭ мэргэжлийн байгууллагын үүднээс оролцох, сэтгүүлчдийн эрх ашгийг илэрхийлэх, тусгах талаар ажиллахгүй байна. Чөлөөт хэвлэл мэдээлэл нь даяаршлын процесст хөл нийлүүлэн алхаж буй өнөөгийн нийгэмд Монголын сэтгүүлчдийн гадаад хамтын ажиллагаа, харилцан сургах идэвх санаачилга, ажил огт хийгдсэнгүй.

МСНЭ нь өөрийн дүрэм дэх 2.2-т заасны дагуу аливаа нам, улс төрийн хүчнээс хамааралгүй байж үйл ажиллагаагаа хараат бус явуулна гэсэн заалт хэрэгжихгүй байна. МСНЭ-ийн дүрмийн 4.6 -д заасны дагуу их хурлаараа ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгох, чөлөөлөх гэсэн заалт зөрчигдөж байгаа. Өнөөдрийг хүртэл явуулж буй гэх эрх ашгийг үл тоомсорлон, цаг үе, техник технологийн дэвшлийг умартсан, эрх баригчдын үйл ажиллагааг хянах зорилтоосоо ухарсан төрх нэгэнт бий болсон. Дээрх шалтгаануудаас улбаалан МСНЭ-ийн онц их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж байна" гэсэн байна. Тус шаардлагын хариуг 2011 оны наймдугаар сарын 1-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр  өгөхийг хүсчээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж