“Роснефть”-ийн хувьчлалын тухай яригдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ийн хувьчлалын тухай яригдаж эхэлжээ

ОХУ-ын төр засгаас хувьчлалын төлөвлөгөөг хурдасгаж, цар хүрээг өргөтгөхөөр төлөвлөж байгаа тухай хэвлэл мэдээллээр бичиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев зургадугаар сард Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн форумын үеэр улсын компаниудыг хувьчлах ажлыг эрчимжүүлнэ гэж хэлсэн юм. Түүний үзэж байгаагаар төр томоохон компаниудын хувьцааг хянаж байх хэрэггүй аж. Засаг захиргаа наймдугаар сарын нэгнээс өмнө хувьчлалын төлөвлөгөөг гаргана гэж хэлснийг “Росбалта” мэдээллээ.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “The Guardian” сонинд ярилцлага өгсөн. Үүнээс иш татсан “Вести” сайтын мэдээлэлд “Роснефть” компани төрийн эзэмшлийн хувьцааг төлөвлөж байснаас нэг жилийн өмнө буюу 2012 онд хэсэгчлэн худалдаж магадгүй юм. Тэрбээр “Роснефть” нь хэвийн үйл ажиллагаатай арилжааны компани байхыг бид хүсч байна гэж хэлсэн юм.

Төр засгаас “Роснефть” компанийн хувьцааны 15 хувийг чөлөөт зах зээлд худалдахаар, 10 хувийг сонирхсон хөрөнгө оруулагчдын активиар арилжихаар төлөвлөж байна. Одоогоор компанийн хувьцааны 75,14 хувь төрийн эзэмшилд байдаг юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж