АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн засаг захиргаанд ажиллах Төрийн нарийн бичгийн даргын албанд Рекс Тиллерсоныг нэр дэвшүүлээд байгаа билээ. Хэрэв Сенат түүнийг энэ албанд батлах юм бол ExxonMobil корпорацийн гүйцэтгэх захирлын ажлаа орхиж, АНУ-ын гадаад бодлогыг хариуцан ажиллах юм. Харин нефть, байгалийн хийн гигант ExxonMobil корпораци түүнд 180 сая ам.долларын тэтгэмж олгохоор тогтжээ. Тодруулбал, ExxonMobil сангийн итгэмжлэгдсэн удирдлагад хоёр сая хувьцаатай тэнцэх хэмжээний мөнгийг шилжүүлэх аж. Энэ тухай The Wall Street Journal мэдээлсэн байна. Энэ алхам нь Тиллерсонд өөрийн мэдлийн 54 сая ам.долларын үнэ бүхий 600 мянган хувьцаагаа худалдах боломжийг давхар олгож байгаа аж. Хувьцаа шилжсэн сан нь ExxonMobil–д хөрөнгө оруулж болохгүй бөгөөд Тиллерсонд очих ёстой мөнгийг 10 жилийн дотор төлж барагдуулах гэнэ.
Тиллерсон их сургуулиа төгсөөд шууд ExxonMobil компанид ажиллах болсон юм. Инженерээс ажлын гараагаа эхэлсэн тэр 2006 онд Exxon-ы гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрбээр Оросын “Роснефть” компанитай идэвхтэй холбоо тогтоон ажиллаж байсан ба Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд хэлэлцээр хийж байсан гэх мэдээлэл ч бий. Тиллерсон ОХУ-ын Найрамдлын одонгоор шагнуулж байсан бөгөөд Москсвагийн эсрэг авч хэрэгжүүлж буй АНУ-ын хориг арга хэмжээг үр дүнтэй арга биш гэж үздэг байна.
Ш.МЯГМАР