Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс орон гэргүй болон архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. 2013 оноос хойш тогтмол хийгдэж буй уг ажлыг аймгийн Улаан Загалмайн хорооноос дэмжиж нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй иргэдэд өнөөдөр нэг ээлжийн хувцас хандивлалаа.
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийтдээ 160 орчим иргэн хамрагдсан байна. Эдгээрийн 50 орчим нь архины хамаарлаас гарч ажил хөдөлмөр эрхлэн энгийн амьдралтай болжээ. Учир нь нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухааны сургалтад хамруулж үр дүнд хүрч буй хүмүүсийг нь ажлын байраар хангахад анхаардаг талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор ярьлаа.
Энэ удаад уг ажил нь 11-р сараас эхэлж 3-р сар хүртэл үргэлжилнэ. ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон “Хамтдаа тэмүүлэх гэрэлт ирээдүй”, “Шинэ амьдрал” ТББ-тай хамтран 25-49 насны 40 гаруй хүнийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Уламжлал болсон дээрх ажилд орон нутгийн төсвөөс 2.5 сая, Нийгмийн халамжийн сангаас хүн тус бүрт өдрийн 10 мянган төгрөг зарцуулж байгаа аж.
Нийгэмшүүлэх ажилд хамрагдаж амьдрах ухаан, мэргэжлийн чиг баримжаатай болсон иргэд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Тэд илүү олон хүнийг энэ үйл ажиллагаанд хамруулж амьдрах итгэл, урам зоригтой болгох хэрэгтэй гэж үзэж буйгаа онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN