Тамхи “Apple”-ийн техникт хөнөөлтэй

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Тамхи “Apple”-ийн техникт хөнөөлтэй

Мэдээж хэрэг, тамхи татах нь юун түрүүнд хүний эрүүл мэндэд хөнөөлтэй. Тэгвэл үүнээс гадна алдарт “Apple” фирмийн техник, тоног төхөөрөмжүүд тамхинд хорддог аж. Энэ талаар “Sueddeutsche Zeitung” сайтад бичжээ.

Германы Гессен хотын иргэн, загвар зохион бүтээгч Бен Йоль гэгч Франкфурт дахь “Apple”-ийн засварын төвд iMac компьютерийнхээ DVD-ийг засуулахаар очжээ. Баталгаат хугацаа нь дуусаагүй байсан учир засварыг нь ч үнэгүй хийж өгөх байв. Гэтэл засварын төвийнхөн Йолийг тамхи татдаг учир техникийг нь засч өгөх боломжгүй, компьютерийг нь бохирдуулсан тамхины никотин засварчны эрүүл мэндэд хохирол учруулна гэсэн тайлбарыг өгсөн аж. Йоль төлбөрийг нь төлөөд ч болтугай засч өгөхийг гуйсан боловч түүний техник “хордсон” тул засвар авахгүй гэсэн хариу сонсчээ.

“Apple”-ийн Герман дахь албан ёсны төлөөлөгчийн газраас “Бид тамхи татдаг хэрэглэгчдэд баталгаат засварын үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн юм биш. Маш ихээр бохирдсон техникт засвар хийхээс татгалзах эрх бидэнд бий” гэж мэдэгдсэн байна.

Ийм асуудалтай тулгарсан цорын ганц хүн нь Йоль биш юм. “Apple”-ийн зүгээс тамхины никотин, бохинд бохирлогдсон төхөөрөмжүүдийг баталгаат хугацаанд нь засварлахаас татгалзсан хэрэг 2008 оноос хойш Америкт хэд хэдэн удаа гарсан билээ. Засварчдын эрүүл мэндийг бодолцсондоо татгалзсан бус харин тамхины утаа төхөөрөмжүүдийн мэдрэмтгий эд ангиудыг бохирдуулдагт хэргийн учир байгаа аж. Өөрөөр хэлбэл, төхөөрөмж эвдэрсэнд тамхичид өөрсдөө л буруутай гэнэ.
http://uynaa.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж