Замын цагдаагийн албаны шуурхай утсанд өчигдөр /2016.01.05/ зам тээврийн ослын 190 дуудлага иржээ. Үүнээс нэг согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа осол гаргаж, нэг явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр хорооллын замд MMC 200L автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 28 настай Б-г мөргөж, бэртээжээ.
Харин орон нутагт өчигдөр /2016.01.05/ Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн тийш 40 километрт шороон замд Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 38 настай Б, зорчигч 29 настай Б нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн байна.
Мөн цагдаа нар хөдөлгөөнд оролцож буй машин бүрийг хянаж, өнгөрсөн шөнө согтуугаар автомашинаа жолоодож явсан 50 жолоочийг илрүүлж, саатуулсан гэв.
Д.УУДАМ