Монгол гэрийг моод болгосон залуу

Хуучирсан мэдээ: 2017.01.06-нд нийтлэгдсэн

Монгол гэрийг моод болгосон залуу

Цонжинболдогийн цаахна, “Хаан жимс” амралтын газрын орчимд нэгэн гэр бүл монгол гэртээ, хотын утаа, түгжрэлээс ангид аж төрж эхэлжээ. Тэр бол Б.Бат-Энэрэл гэх залуугийн гэр бүл юм. Агаарын бохирдол, замын түгжрэл гээд хотын стрессээс холдож, монгол гэр барин, эхнэрийнхээ хамтаар амар тайван, тав тухтай амьдрах боломж бүгдэд бий гэдгийг тэд харуулахыг хүсч буй бичлэгээ сошиалд тавьсан нь олон хүнд хүрсэн юм. Б.Бат-Энэрэлийн шинэ гэрт зочилж, ярилцлаа.


Б.БАТ-ЭНЭРЭЛ: ГЭРТ АМЬДРАХ САЙХАН БАЙНА

-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Бат-Энэрэл гэдэг. Нэг хэсэг видео бичлэгийн студи ажиллуулж байгаад одоо гэртээ, хувиараа юм хийж байна.

-Монгол гэрийг орчин үеийн хэлбэрт оруулж барьсан тухай зураг, бичлэг тань сошиалд олон хүнд хүрч байна. Гэрээ ингэж тохижуулах санаа шийдлийг хэзээнээс гаргав?

-Олон жилийн өмнөөс битүүхэндээ мөрөөддөг байсан. Зун болохоор хүмүүс Жигжид, Шаргаморьт гээд л зусланд гарчихдаг. Би зуслангийн байшинтай болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ сүүлдээ тэр чиглэлд замын түгжрэл их болсон болохоор байршлаа өөрчилье гэж бодсон. Тэгээд хоёр жилийн өмнөөс энэ газарт байшин баривал зүгээр юм гэж бодох болсон. Анх бол том хаус барихыг л төсөөлж байв. Сүүлдээ хүний мөрөөдөл аль болох энгийн болдог юм шиг ээ. Энгийн болно гэдэг нь монгол гэрийг орчин үеийн хэв загвартай хослуулбал сайхан юм гэсэн санаа байсан. Ингээд бодож явсаар нэг л өдөр тохироо нь бүрдэж, мөрөөдлөө биелүүлэх боломж олдсон доо.

Өнгөрсөн наймдугаар сард гэрээ барья гэж шийдээд, машинаа зарж, жижигхэн болгосон. Зөрүү мөнгөөр нь ажлаа эхлүүлсэн. Мэдээж ганцаараа хийнэ гэж байхгүй. Олон хүний хөдөлмөр шингэсэн. Мужаан, дархан гээд л олон хүнтэй хамтарч хийсэн. Гэхдээ дундуур нь цаг хугацаа алдах, өөр ажилд анхаарал хандуулах зэргээр хугацаа багагүй хойшилсон. Ямар ч байсан зургаан сарын дараа дуусч, оны өмнөхөн бид гурав гэртээ ороод, бөөн баяр болоод байж байна.

-Зураг төсөл, дизайныг та өөрөө гаргасан уу?

-Өмнө нь ах маань ийм загвартай гэр бариулж байсан. Ерөнхий шийдлийг тэр гэрээс авч, дээр нь зарим зүйлийг нэмж хийсэн. Ахын гэрийн дулаалгын материал нь хөвөн дотор, зулхай байсан. Манайх гэрийнхээ дулаалгыг хоёр давхар эсгийгээр хийсэн. Ийм байдлаар зарим шийдлийг өөрчилсөн.

Энгийн гэрээр бол найман ханатай гэрийн хэмжээтэй. Гэрийнхээ суурийг төмрөөр цутгаж, цемент асгаж, хөөс тавьсан. Найман багана босгосон. Дээрээс нь эсгий, гэрийн бүрээсээ тавиад, яг л монгол гэр яаж барьдаг билээ тэр журмаар баригдсан. Харин илүү орчин үетэй хөл нийлүүлэхийн тулд дотроо боловсон ариун цэврийн өрөө, душтэй байхаар шийдэж өгсөн. Гол давуу тал нь шалны халаалттай.

Монгол айл бүрт байх ёстой тулгаа ч мөн уламжлалт байдлаар шийдсэн. Орос зуухыг авч тавьсан. Энэ зуух 55 м.кв талбайг халаах чадалтай. Эхнэр бид хоёр сайхан цэвэр агаарт амьдарч байгаа юм чинь орчноо бохирдуулахгүй гээд дандаа мод, аргалаар гал түлж байгаа.

Тасалгаа хийж, өрөөтэй болгох гэж байгаад больсон. Монгол гэрийн уламжлалт байдлыг аль болох хэвээр нь хадгалахыг хүссэн. Орон сууцанд бид өрөө бүртээ ороод суучихдаг. Гэрт бол бүгд нэг нэгнээ хараад суух нь ядаж гэр бүлийн уур амьсгалд ч сайхан юм.

-Тавилгуудаа ч гэсэн уламжлалт хэв маяг, ёс заншлаар байрлуулсан харагдаж байна?

-Монголчуудын уламжилж ирсэн ёс заншлын дагуу байрлуулсан. Жишээ нь, гэрээр орж ирэхэд баруун талд тухайн гэрийнхэнд, зүүн талыг зочдод зориулах байдлаар тавилгаа байрлуулсан.

-Гэрийн хана, багана, доторх орчныг цагаан өнгөтэй байхаар сонгосон нь содон санагдлаа?

-Канад, Америкт монгол гэрийг биднээс илүү орчин үеийн загвартай хослуулж барьдаг болсон байна. Интернетээс гэрийнхээ зарим загвар, тохижилтын санааг авсан. Дотоод дизайныг цагаан өнгөөр шийдсэн нь цэлийсэн цэмцгэр, эерэг сэтгэгдэл төрүүлэхээр санагдсан.

-Хотоос шинэ гэртээ нүүж ирэх мэдрэмж ямар байв?

-Эхнэр бид хоёр бөөн баяр болсон. Хоёулаа мөлхөөд л, шалаа угаагаад. Бөөн аз жаргалтай хоёр хүн. Засвар хийгээд ганц нэг юм асгахаар тэр бүрийг хусч арилгаж, цэвэрлэх жишээтэй. Гэрийнхээ хаалгыг дэлгэхээр тэнгэрийн од цэлийж харагдаад, үнэхээр сайхан санагдсан. Үнэхээр их баярлаж байлаа.

-Ажил төрлөө хэрхэн зохицуулж байна вэ. Өдөр бүр хот руу явах уу?

-Одоохондоо хот руу орох шаардлага бага байна. Гэрээсээ амжуулах ажлуудаа хийж байна. Компьютер ашиглаж хийх ажлуудаа амжуулаад байж байгаа.

-Энэ хэсэгт танайхтай ижил хэд хэдэн гэр харагдлаа. Ямар зориулалтаар тохижуулж байгаа вэ?

-Манайх шиг гурван ч гэр бий. Цаашид тэр гэрүүдээ жуулчин хүлээж авдаг, VIP үйлчилгээтэй амралт, жуулчны төв маягаар ашиглая гэж төлөвлөж байгаа. Ирэх гуравдугаар сараас ажиллуулах бодолтой байна. Гадаа дулаараад ирэхээр орчноо ч зүлэгжүүлж, цэцэгжүүлээд, улам сайхан болгох бодол бий.

-Сошиалд тавьсан таны бичлэг их олон хүнд хүрсэн. Таны зүгээс энэ бичлэгээрээ хүмүүст ямар мессеж хүргэхийг зорьсон бэ?

-Миний гэр бүл шиг эхнэр нь бие давхар, эсвэл жаахан хүүхэдтэй айл олон бий. Агаарын бохирдол урагт, хүүхдэд хортойгоор нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Тиймээс залуучууд маань заавал утаа ихтэй Улаанбаатартаа шигдээд байх бус бидний сонголтоос сэдэл санаа аваасай гэсэн үүднээс хүмүүст гэрээ танилцуулсан юм. Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар бий. Тэр газраа ашиглаж, нэг удаад зориг гаргаад амьдрах орчноо тохижуулж болдог юм байна шүү гэдгийг хэлэхийг хүссэн. Гол нь шинэ байр зүгээр худалдаад авах биш, гэрийнхээ барилгын явцад өөрөө гар бие оролцоод, эрэг боолтыг нь ч болов хийлцэх нь үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм байна.

-Фэйсбүүкээр хүмүүс хэр холбогдож байна вэ?

-Фэйсбүүкээр нэлээн хэдэн хүн хандсан. Ийм гэртэй болоход хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ, юуг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй вэ гэх мэтчилэн сонирхож байна. Би бүгдэд нь өөрийнхөө туршлагаас дуртайяа хуваалцаж байгаа.

-Гэрээ ийм байдлаар барьж, тохижуулахад ойролцоогоор хэчнээн төгрөг шаардагдсан бэ?

-Энэ гэрийн хажууд залгаатай дахиад нэг гэр бий. Энэ хавьд өмнө нь сантехник, цахилгааны асуудлаа шийдсэн байсан. Тиймээс тэр тал дээр зардал гараагүй. Харин карказан гэрээ барихад 30 орчим сая төгрөг орсон. Манай гэрийн хэмжээ нийтдээ 55 м.кв болсон. Тэгэхээр 30 сая төгрөгөөр хоёр өрөө байрны дайтай гэрийг барьж болж байгаа юм. 30 сая гэдэг бол нэг өрөө байрны ч үнэ хүрэхгүй мөнгө болсон байна, өнөө үед. Ингээд бодохоор ялангуяа залуус маань үүнээс санаа сэдэл аваад заавал Улаанбаатарт, бохирдлын их уурхайд шигдээд байлгүй, монгол гэр, эсвэл хүссэн байшингаа бариад, хотын захад, эрүүл агаарт сайхан амьдрах боломж байна. Үүнийг цаг алдалгүй хийгээрэй л гэж хэлмээр санагдсан.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Э.ЭНХБАТ, Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж