ӨЧИГДӨР /2017.01.06/ БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ хэмээн өмнө барьж ирсэн зарчмаа хадгалж үлдэхийг дэмжжээ.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд агаарын бохирдлын асуудлаар үг хэллээ. Энэ үеэр агаарын бохирдлын чиглэлээр ажиллаж буй хүмүүс ажлаа эрчимжүүлж, УИХ-д танилцуулахыг үүрэг болгожээ.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөрийн сонгуулийн ажлын албанаас шинэчилсэн бүртгэлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгах санал гаргажээ. Ингэхдээ намын шинэчлэлийн үйл ажиллагаанд гишүүдийнхээ дийлэнх олонхийг идэвхтэй оролцох боломжоор хангах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтээ хэвийн олгож байгаа гэж мэдэгдлээ. Одоогийн мөрдөж буй журамд “Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна, орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь, зээлийн зориулалт нь орон сууц худалдан авахад чиглэнэ” гэх мэтчилэн заасан байдаг.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах ажээ. Иргэд анх удаа орон сууц худалдаж авсан, барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийг буцаан авдаг. Буцаан олголтод хамрагдах иргэд шаардлагатай бичиг баримтыг харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах хэрэгтэйг Татварын ерөнхий газраас анхааруулав.
Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн. Тэгвэл ОУВС-ийн шинжээчид нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Энэ үеэр Сангийн яам, Монгол Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх ажээ.
"Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас нэгдүгээр сарын 28-ны бямба гаригт дахин жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Тэд өмнөх жагсаалынхаа үеэр хүргүүлсэн шаардлагын хариуг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо одоог хүртэл өгөөгүй тул дахин жагсахаар болжээ.
“Ардын их хурал” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлаж, улс оронд үүсээд буй нийгэм эдийн засгийн хямрал, ард олны амьдралын хүнд нөхцөл байдал нь өнөөгийн төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд, ард түмэн засаглаж, эрхээ эдлэх Ардын их хурлыг бий болгох уриалгыг гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тэд одоогоос яг нэг сарын өмнө хүмүүст хандан ухуулга хуудас нааснаас болж, хөдөлгөөний зарим гишүүд хүнд байдалд ороод байгаа тухай мэдээлсэн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргаагүй гэсэн хариултыг манай сэтгүүлчийн асуултад өглөө. Тодруулбал, УИХ-ын зарим гишүүдээс хүйтний улиралд сурагчдын амралтыг сунгаж, хавар долдугаар сар хүртэл сунгаж хичээллэх санал гаргасныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.