-Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын допингийн эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэх тухай хэлэлцжээ-
Допингийн эсрэг үндэсний төвөөс 2016 оны аравдугаар сарын 26-нд өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харъяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн билээ. Түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн ч хоёр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх талаарх шийдвэр өнөөдрийн байдлаар гараагүй байна.
Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авах эрх бүхий байгуулага нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо юм.
Тус хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Монголын допингийн эсрэг үндэсний төвийн дүгнэлтийг хэлэлцжээ. Нэгдүгээр сарын 5-нд болсон хурлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан ба допингийн зөрчил гаргасан цолтнуудад ямар хариуцлага тооцох саналыг боловсруулах үүрэгтэй Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахлахаар болжээ.
Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, үүргийн дагуу Бөхийн салбар хорооны гишүүд хоёрдугаар сарын 6-наас өмнө допингийн зөрчил илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай дүгнэлт гаргаж танилцуулах юм байна. Ингээд хоёрдугаар сарын 10-наас өмнө хуралдах Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны ээлжит хурлаас шинээр улсын начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нарт ногдуулах шийтгэлийг зарлахаар тогтжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар зөрчил гаргасан бөхөд түүний барилдах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах, тухайн баяр наадмаас хүртсэн цол, бай, шагналыг хураах зэрэг шийтгэлийн аль нэгийг ногдуулах ёстой. Тэгэхээр хоёр бөхийн цолыг хураах уу, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах уу гэдэг шийдвэрийн аль нэг нь гарна.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
14 дүгээр зүйл:Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
- 14.1.1. Тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
- 14.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
- 14.1.3. Баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.
14.2. Энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.
14.3.Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.
Тус лабораториос 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай, Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай мэдэгдсэн байдаг.
Ингээд Үндэсний бөхийн холбоо болон дээрхи хоёр бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр тавьсан бөгөөд БНСУ-аас 2016 оны арав дугаар сарын 11-ний өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдсэн гэдэг.
Өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Б.Баатарцол тавын даваанд улсын харцага Ө.Даваабаатарыг, Б.Ганзориг улсын арслан Д.Ганбатаар тус тус давж, улсын начин цолны болзол хангасан юм.
Б.БАДМАА