“Эрдэнэс тавантолгой” ХК энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Цанхийн зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох 4 индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулж эхэлжээ.
Цанхийн зүүн уурхайн нүүрсийг “Чалко” компанийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болон олборлогч компани “TTJVCo”-гийн ажил гүйцэтгэсэн төлбөрт өгч байгаа бөгөөд дараaгийн улирал хүртэл нүүрсээ дээрх үнээр борлуулах юм байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Цанхийн баруун уурхайн нүүрсийг өнөөдрийн байдлаар борлуулж эхлээгүй байгааг компаниас албан ёсоор мэдэгдлээ. Тус компаниас 2012 онд батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд Баруун цанхиас нүүрс олборлолт хийж буй юм байна.
Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн зүүн болон баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт тодорхой татвар, хураамж төвлөрүүлж, “Чалко болон “TTJVCo” компанийн өр төлбөрийг барагдуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ бууралттай байсан ч зардал бууруулахаас эхлээд олон арга хэмжээг авч ажилласны хүчинд дээрх компаниудад төлөх өр 76 сая ам.доллар болж буурчээ.
Г.ДАРЬ