Сагсны лигийг Спортын ордонд явуулах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Сагсны лигийг Спортын ордонд явуулах боломжгүй болжээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /МҮСБХ/ өнөөдөр /2017.01.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол ньюс агентлагт болсон хэвлэлийн хуралд МҮСБХ болон МСБХ /Монголын сагсан бөмбөгийн холбоо/-ны удирдлагууд оролцож, 2016 онд сагсан бөмбөгчдийн гаргасан амжилтууд болон сагсан бөмбөгийн спортод тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

МСБХ болон МҮСБХолбоод өнгөрсөн онд эвлэлдэн, хамтран ажиллахаар болсон. Тэгвэл сүүлийн үед тус холбоог авах гэсэн оролдлого гарах болсныг МҮСБХ-ноос мэдэгдэж, мэдээлэл хийв. МҮСБХ-ноос холбооны ажилд саад учруулах асуудлаа зогсоож, хамтран ажиллахыг Монголын сагсан бөмбөгийн холбооноос хүсч байгаагаа энэхүү хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

МСБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЦЭВЭРБАЛ:

-МСБХ нь 2016 оны хоёрдугаар сард Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Сагсан бөмбөгийн хөгжүүлэхийг зорьсон бүх хүн нэгдээд ажиллаж байгаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөөд байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж буйд харамсаж байна. Манай холбоо хамтарч ажиллая гэсэн хүн бүхэнд нээлттэй байгаа. Бид өнгөрсөн онд бүх гишүүдийн хурлаа хийж, холбооны ерөнхийлөгчид өрсөлд гэж санал тавьсан. Гэвч огт хариу өгөөгүй.

"ХАРЦАГА" БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ А.АЛТАН-ОЧИР:

-Төрөөс сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээнд оролцоход ганц ч төгрөг өгдөггүй. Тамирчдад бэлтгэл хийх заал хүртэл олдоход хэцүү байдаг. Тэмцээн уралдаанаа хийж чадахгүй нөхцөлд хүрээд байна. Багийн спортыг дэмжинэ гэж хүмүүс ярьдаг ч дэмжлэг бага байгаад байна. Бид өнөөг хүртэл өөрсдийн хүчээр явж ирлээ.

МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга: Өнөөдөр бид сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээ хийх заалгүй болчихоод байж байна. Спортын төв ордонд лигийн тэмцээн явуулахгүй гэсэн учир аргаа бараад аймгуудын лигээ эхлүүлсэн. Гэтэл одоо дахиад заалгүй болж, орон нутагт нь очиж хийхээр болж байна.  2017 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт, 2018 онд Индонезийн Азийн наадамд сагсчид оролцохгүй байх вий гэж эмээж байна.

Өнгөрсөн онд Монголын сагсчид олон улсын есөн тэмцээнд оролцож, найман медальтай ирсэн билээ. Тэр дундаа 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг мөнгөн медальтай ирж, түүхэн амжилтыг үзүүлсэн.

2017 онд сагсан бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд болох юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж