Гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг 27 сая төгрөгөөр торгож, найм хүртэлх жилээр хорино

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг 27 сая төгрөгөөр торгож, найм хүртэлх жилээр хорино

  • Засгийн газраас шинэ оны өмнөхөн УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан, энэхүү төслүүдтэй холбогдуулж, өчигдөр /2017.01.09/ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан тушаалтныг 5.4 сая төгрөгөөс 27 сая хүртэл төгрөгөөр торгохоор зааж өгчээ. Албан тушаалын гэмт хэрэг нь хүнд хэрэгт тооцогдсон нөхцөлд 2-8 жил хорих юм байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт тэнсэн үйлчлэхгүй байхаар заажээ.


  • Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас 2016 оны бүртгэлийн статистик мэдээллийг өчигдөр /2017.01.09/ танилцууллаа. Нэг жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 65 мянгаар нэмэгдэж, 3.1 саяд хүрчээ. Ингээд Монгол Улсын нийт хүн амыг хүйсээр нь ангилж харвал, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 30 орчим мянгаар илүү байна. Насны хувьд нийт хүн амын нэг сая нь 18-аас доош насны залуус. Үлдсэн хоёр сая 100 орчим мянга нь 18-аас дээш насны хүмүүс байх юм. 


  • Үндсэн хуулийн эхийг өчигдөр /2017.01.09/ Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран заллаа.


  • Туркийн цагдаа ОХУ-ын Элчин сайд агсан Андрей Карловын аллагын хэрэгт холбоотой байж болзошгүй таван хүнийг сэжигтнээр татаж, саатуулсан байна. Тэдгээр таван хүний дөрөв нь Элчин сайдыг буудаж хөнөөсөн Мевлут Мерт Алтынтасын хамт ажиллагсад, харин нэг нь Фетхуллах Гюлений хөдөлгөөний (FETO) гишүүн гэнэ.


  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдэд олгох эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх албан ёсны шийдвэрийг өнгөрсөн бямба гаригт буюу нэгдүгээр сарын 07-ны өдөр гаргажээ. Хүүхэд нь ханиад хүрч, хатгаа авсан эцэг эхчүүдэд 10 нэр төрлийн 30 эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор олгох юм байна. Эдгээр эмийг гэхдээ эмийн сан болгон үнэгүй олгохгүй. Зөвхөн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас ирэх гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл  авах боломжтой юм.


  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ онд долоон объектыг дуудлага худалдаанд оруулахаар болсон. Өчигдөр /2017.01.09/ тус жагсаалтад багтсан  Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг худалдах байсан ч хойшилсон байна.  Учир нь объектуудад ямар ч санал ирээгүй тул хойшлуулахаар болжээ. Энэ сарын 20-ноос Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж ирэх сараас дахин дуудлага худалдааг зарлахаар төлөвлөжээ.


  • Өчигдрөөс /2017.01.9-ний өдрөөс/ зүүн зүгийн нутгаас эхлэн хүйтний эрч чангарч эхэллээ. Урд  шөнөдөө нутгийн зүүн хагаст нэлээд хүйтэн хоносон байна. Ихэнх нутгаар энэ сарын 12, 13-нд хүйтний эрч дахин чангарах төлөв ажиглагдсаныг цаг уурч Л.Оюунжаргал мэдээлэв.


  • Монголбанкны захирлуудын зөвлөл энэ сарын 5-нд хуралдаж, БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) буюу ICBC банкинд Улаанбаатарт Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.


  • Толгойт өртөө орчимд өнгөрсөн амралтын өдөр хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас баржээ. Энэхүү осол юунаас болж гарсныг тогтоохоор Төмөр замын цагдаагийнхан, холбогдох албаны байгууллагууд ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж