20:16
ХЭРГИЙГ ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
"Сэнтрал тауэр"-ын 15 дугаар давхарт бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлсэн хэргийн мөрөөр мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсээр байна. Одоогоор бөмбөг болоод тэсэрч дэлбэрэх бодис олдоогүй ч шалгалтыг нарийвчлан үргэлжлүүлж байгаа ажээ. Сүрдүүлэгч этгээд өөрийгөө Данийн иргэн гэж хэлсэн ч АНУ-ын иргэн болохыг цагдаагийнхан тогтоожээ.
Эл хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгахаар болсон байна.
18:45
"СЭНТРАЛ ТАУЭР"-ЫН ОЙРОЛЦООХ ЗАМЫГ ХААХГҮЙ ГЭВ
Хэргийн газарт яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид хамгаалалтад гарч, барилгыг тусгаарлаад байна. Харин тусгайгийн зургаан цагдаа, хоёр үнэрч нохой нэмэлтээр ирж, тэсэрч, дэлбэрч болзошгүй бөмбөг байгаа эсэхийг шалгаж, илрүүлэх ажиллагааг явуулж буй гэлээ.
Барилгын гаднах 200 метр талбайг цагдаа, онцгойгийнхон бүсэлсэн ч, "Сэнтрал тауэр-ын ойролцоох авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэж Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал мэдээллээ.
17:44
БӨМБӨГ ДЭЛБЭЛЭХЭЭР СҮРДҮҮЛЭГЧ АНУ-ЫН ИРГЭН БАЙЖЭЭ
Улаанбаатар хотын төвд байрлах "Сэнтрал тауэр"-ын 15 дугаар давхарт “Бөмбөг дэлбэлнэ” гэж сүрдүүлсэн хэрэг өнөөдөр /2017.01.09/ гарлаа.
Сүрдүүлсэн иргэнийг саатуулж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид хэргийн газарт тэсэрч, дэлбэрэх бодис байгаа эсэхийг илрүүлэхээр шуурхай ажиллаж буй тухай албаны эх сурвалж NEWS агентлагт мэдээллээ.
Сүрдүүлэгч этгээд "Сэнтрал тауэр"-ын 15 дугаар давхарт байрлах Данийн өргөмжит консулын байранд консул Ж.Одтой уулзахаар 16.00 цагийн орчимд очсон байна. Ингээд консулын зүгээс тухайн иргэнд "Уулзах боломжгүй байна" гэсэн хариулт өгчээ. Энэ тайлбарыг сонссон АНУ-ын иргэн консулын ажилтантай үл ойлголцож, "Бөмбөг дэлбэлнэ" гэж сүрдүүлжээ.
Энэ үед "Сэнтрал тауэр"-ын хамгаалалтын алба цагдаагаас тусламж хүсч, дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид ажиллаж байна.
Одоогоор цагдаагийнхан барилга дотор байсан бүх хүмүүсийг байшингаас гарахыг зөвлөж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Д.УУДАМ
Гэрэл зургийг: Э.ЭНХБАТ