-Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу Хэрлэн, Онон, Улз голын сав газар, хөндийгөөр -33-38 хэмийн хүйтэн хонож байна. Ихэнх нутгаар 12, 13-нд дахин хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа. Энэ нь нэгдүгээр сард байдаг л хэмжээнд хүйтэрч байгаа-
Идэр есийн хүйтэн эхэлж, өвлийн хүйтэн ид тачигнаж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарна гэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас өгч байна. Цаг агаар ямар байх вэ?
-Мэргэжлийн байгууллагын зүгээс цаг агаарын анхааруулах мэдээг гаргаад байгаа. Манай хүрээлэнгээс анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван төрлийн мэдээг олон нийтэд зориулж гаргадаг. Анхааруулах мэдээнд хүчтэй, аюулт үзэгдэл болохгүй ч нутгийн зарим хэсэгт болох цаг агаарын төлвийг “Анхааруулж байна” гэж мэдээлдэг. Хүмүүс үүний нарийн учрыг ойлгохгүйгээр “анхааруулж байна” гэсэн мэдээ болгоныг аюултай үзэгдэл болно гэж ойлгоод байна.
-Хэд хоногоос хүйтний эрч эрс чангарна гэх юм. Эдгээр өдрүүдэд хэдэн хэм хүрч хүйтрэх бол?
-Өнөөдрөөс /2017.01.9-ний өдрөөс/ зүүн зүгийн нутгаас эхлэн хүйтний эрч чангарч эхэллээ. Өнөө шөнөдөө нутгийн зүүн хагаст нэлээд хүйтэн хононо. Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Отгон суманд -40 хэм хүрч хүйтэрсэн. Энэ мэт хүйтэн газруудаараа -37-42 хэмийн хүйтэн хонож байгаа. Харин баруун аймгуудын өмнөд хэсгээр хүйтний эрч харьцангуй сул байгаа.
Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу Хэрлэн, Онон, Улз голын сав газар, хөндийгөөр -33-38 хэмийн хүйтэн хонож байна. Ихэнх нутгаар 12, 13-нд дахин хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа. Энэ нь нэгдүгээр сард байдаг л хэмжээнд хүйтэрч байгааг хэлмээр байна.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард сүүлийн 10 жил хүйтрээгүй хүйтэн сар болсон. Харин өвлийн саруудад дахин ийм хүйтэн сар давтагдах уу?
-Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа нь хэвийн үзэгдэл. Гэхдээ бид өмнөх өдөр нь дулаан байснаа маргааш нь хүйтний эрч нэмэгдэж, анхаарах шаардлагатай гэдгийг анхааруулж байгаа. Хүмүүс энэхүү анхааруулж буй мэдээг хэтрүүлж ойлгоод байх шиг байна.
-Тэгвэл Сибирийн хойд хэсгээс хүйтэн агаар орж ирж, Монголын нутагт байрлана гэсэн мэдээлэл байна?
-Бидний арваннэгдүгээр сард гаргаж байсан мэдээллийг дахин олон нийтийн сүлжээгээр цацаж байна. Тэрнээс биш арваннэгдүгээр сард болсон шиг хүйтэн сар болохгүй. Ойрын өдрүүдэд хойд туйлын хүйтэн агаар орж ирсний улмаас хүйтэрч байгаа. Энэ нь жил жилийн өвөл нэгдүгээр сард байдаг л үзэгдэл учраас бид онцлохгүй байгаа. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон үзэгдэл байнга ажиглагддаг зүйл биш учраас онцгойлон анхааруулсан юм. Бид бүр онцгой нөхцөлд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээгээ гаргана. Гэхдээ одоогийн байдлаар ийм мэдээ цацахуйц байгаль цаг уурын нөхцөл бүрдээгүй байна.
-Энэ жил ихэнх нутгаар цас их орсон. Өвлийн турш хур тунадас хэр орох вэ?
-Өнгөрсөн хоногуудад нутгийн хойд хэсэг болох Завхан, Төв аймгуудын зарим газраар нэг мм зузаантай цас орж, тодорхой хэмжээгээр цасны зузаан нэмэгдсэн байна. Маргаашийн хувьд ихэнх нутгаар цас орохгүй. Нөгөөдөр буюу энэ сарын 11-нээс эхлэн зүүн аймгийн хойд хэсгээр хүйтний эрч нэмэгдэнэ. Мөн энэ сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч баруун аймгуудаар хур тунадас орох төлөвтэй байгаа. Энэ жил ихэнх нутгаар цасан бүрхүүл эрт тогтсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй байсан, одоо ч хэвээрээ байгаа. Одоо хамгийн дээд тал нь 40 см зузаан цастай байна.
-Малчдад цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн шуурхай хүргэдэг вэ. Хэчнээн цаг уурч шуурхай ажиллаж, цаг агаарын мэдээг түгээдэг юм бэ?
-Орон нутаг бүрт цаг уурын алба бий. Тэдгээр газрууд орон нутагтаа мэдээлэл түгээж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тухайд нь мэдээлэл авч, амьдрал ахуйдаа ашиглаж байгаа. Ойрын өдрүүдэд малчдад хүндрэл учруулахаар байгалийн онцгой үзэгдэл болохгүй. Манай хүрээлэнд нийт 17 цаг уурын инженер 24 цагаар гурван ээлжээр ажилладаг. Харин аймаг, орон нутагт урьдчилан мэдээлэх хэсэг бий. Орон нутагт 2-4 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөр тутмын цаг агаарын урьдчилан мэдээгээ гаргаж байдаг.
А.СҮРЭН