Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр малчдын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Засаг даргын орлогч С.Батжаргал ахалж, бүрэлдэхүүнд нь ХХААГ, хоёр сумын МЭҮТ, Цэргийн штаб БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар зэрэг хэд хэдэн байгууллагын төлөөлөл 40 гаруй хүн багтжээ. Тэд энэ сарын 5-аас эхэлж Баян-Өндөр, Жаргалант сумын 11 чиглэлд 900 гаруй өрхийн өвөлжилтийн байдалтай танилцаад ирсэн. Тиймээс нөхцөл байдлын үнэлгээ хийж цаашид авах арга хэмжээний талаарх саналаа боловсруулж байна.
Ажлын хэсгийн дарга С.Батжаргал хэлэхдээ “Биднийг өвөлжилтийн байдалтай танилцаад явахад хоёроос, гурван уулын “ам” ямар ч машин явах боломжгүй болж цасанд боогдсон байсан. Тиймээс ОБГ-аас тухайн хэсгүүдэд зам, гарц гаргах хэрэгтэй. Жаргалант сумын Засаг даргад энэ чиглэлээр үүрэг өгсөн. Хамтраад асуудлыг шийдээрэй” гэсэн юм.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий хэлсэн үгэндээ “Урьдчилсан байдлаар хэлэхэд малчид маань өвс, тэжээлийнхээ 50 орчим хувийг хэрэглэчихсэн байна. Хэрэв ирэх саруудад өвөлжилт хүндэрвэл тэдний бэлтгэсэн өвс, тэжээл хүрэлцэхгүйд хүрч болзошгүй” гэлээ. Тиймээс аймаг, сумын аюулгүйн нөөцөд авсан өвс, тэжээлийг малчдад олгох ажлыг ирэх сарын нэгнээс зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн цас их орж, “хөрөлсөн” учир малын туурай, хамар халцарсан тохиолдол их гараад байгаа аж. Малчдын зүгээс Малчин багийг дахин сэргээх хүсэлтийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уламжилжээ.
Малчдын өвөлжилтийн байдалтай танилцах ажлыг 2,3-р сард дахин зохион байгуулна. Энэ үеэр “Малчдад туслах аян”-ы хүрээнд цугларсан эд, материалыг олгох гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN