Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Энхбатаас дараах асуултад хариулт авлаа.
-Танай дүүргийн хэмжээнд хэдэн хүнийг бүртгэх юм бэ?
-Бидэнд эрэгтэй 300, эмэгтэй 100 хүн бүртгэх заавар өгсөн. Одоогоор бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн тоо үүнээс их байгаа нь харагдаж байна. Гэхдээ энэ тоог нэмж ч магадгүй гэсэн бодол байгаа. Маргааш /өнөөдөр/-наас тодорхой болно. Ямартай ч өнөөдөр 13 цагийн байдлаар 133 хүнийг бүртгээд байна.
-Олон хүн бүртгэлийн хураамж болох 30 мянган төгрөгийг банкинд тушаасан байгаа бололтой. Тэд бүртгүүлж чадахгүй бол мөнгөө яаж авах вэ?
-Мөнгөө дансанд хийсэн хүн олон байна. Тиймээс бид одооноос эхэлж иргэдэд “Бүртгэлийн хураамжаа дансанд битгий хийгээрэй” гэж анхааруулж байгаа. Бэлнээр тушааж болно. Бидний зүгээс үүссэн нөхцөл байдлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв биржийн удирдлагуудад уламжилсан. Тиймээс бүртгэлийн хураамжтай холбоотой энэ асуудлыг хэрхэн шийдэхийг ярилцана байх.
-Бүртгүүлж байгаа иргэдийн солонгос хэлний мэдлэгийн түвшин ямар байгаа бол?
-Олонх нь “Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй” гэсэн хариу өгч байна. Ер нь бол өмнөх жилүүдэд бүртгүүлж, хэлний шалгалт өгч байсан хүмүүс олон байгаа нь ажиглагдсан. Бид иргэдэд бүртгүүлэхээс нь өмнө 10, 10-аар хувааж зөвлөгөө өгч байгаа. Хэрвээ хэлний зохих мэдлэггүй бол дэмий бүртгэлийн хураамж л төлөх болно шүү дээ.
Тэрбээр ийн ярив. Харин Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангад “Хүн амын тооноос хамаарч дүүргийн хэмжээнд бүртгэх иргэдийн тооны хязгаарыг харилцан адилгүй тогтоосон. Баянзүрх дүүрэгт гэхэд 500 иргэнийг бүртгэх жишээтэй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн төв биржийнхэнд солонгос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлж байгаа иргэдийн тоог нэмэх сонирхол байхгүй байна. Энэ жил хэлний шалгалтад 3000 хүнийг л тэнцүүлнэ. Гэтэл ийм тооны хүн авахын тулд иргэдийг 10 мянгаар нь бүртгээд, дэмий олон хүний мөнгө хураах хэрэггүй гэж үзэж байгаа. Иймд мөнгөө банкинд тушаачихсан, бүртгүүлж чадаагүй иргэд өргөдлөө өгөөд буцааж авч болно” гэлээ. Энэ жилийн хувьд Өмнөд Солонгосын тал “Ажиллах хүчний эрүүл мэндэд өндөр шалгуур тавина” гэдгээ уламжилжээ. Өнгөрсөн жил хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс 800 гаруй нь эрүүл мэндийн шалтгаанаар “мөрөөдлийн” орноо зорьж чадаагүй. Түүнчлэн дүүргүүдэд өгсөн квотоос үзвэл эрэгтэй хүмүүсийг ажилд авах сонирхолтой байгаа аж. Тодруулбал, нийт бүртгэх иргэдийн 20 орчим хувь нь л эмэгтэй байх ёстой гэнэ. Бас энэ жил зөвхөн аж үйлдвэрийн салбарт л ажилчин авах захиалга ирсэн байна. Солонгос хэлний шалгалт өгсөн иргэдээс 80-аас дээш оноо авсаныг нь онооны дүнгээр байр эзлүүлэн жагсааж, эхний 3000 мянган шалгуулагчийг тэнцүүлэх аж. Яг л өнгөрсөн жилийнхтэй адил гэсэн үг. Дашрамд дурьдахад, солонгос хэлний шалгалт өгөх өдөр, шалгалт авах газар, цагийг ирэх сарын 18-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn сайтаар дамжуулан нийтэд мэдээлэх юм байна.
"Улс төрийн тойм" сонин