Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

УГО ЧАВЕС: БИ ВЕНЕСУЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨЛӨӨ ДАХИН ӨРСӨЛДӨНӨ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес саяхан Куба улсад хорт хавдраа эмчлүүлээд эх орондоо иржээ. Сүүлийн үед түүнийг 2012 оны Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших болсон тухай хэвлэлд мэдээлэх болсон. Иймд www.lati-noreview.com сайтын сэтгүүлч Мэлисса Молинагийн Уго Чавестай өнгөрсөн даваа гарагт хийсэн сонирхолтой ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.


-Юуны өмнө таныг эх орондоо эрүүл саруул болоод эргэн ирсэнд баяр хүргэе. Та ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших үү?

-Баярлалаа. Тийм ээ. Би ирэх жилд Венесуэлийн Ерөнхийлөгчийн төлөө дахин өрсөлдөнө. Энэ шийдвэр миний эрүүл мэндийн байдлаас хамаарч байсан юм.

-Таныг нэр дэвших болсонд ард түмэн маш их баяртай байгаа байх. Кубад эмчилгээ хэр байсан бэ?

-Миний өвчинг эмчилсэн эмч нарт талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Миний бие маш хурдан сайжирч байгаа. Кубад байхдаа Фидель Кастро ахтай шатар нүүж, цагийг хөгжилтэй өнгөрөөсөн. Мөн улс төрийн талаар ярилцаж олон зүйл ч мэдэж авлаа. Миний хувьд  Фидель Кастро төрсөн ахаас өөрцгүй хүн.

-Латин Америкийн холбооны зүгээс Сомалийн ард түмэнд хоол, хүнсний тусламж илгээх болсон тухай  зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ талаарх таны бодол?

-Аливаа зүйл нэмэх, хасах гэж байдаг шиг хоёр талтай гэдгийг Сомалийн ард түмэн мэдмээр юм. Тэр Сомалийн далайн дээрэмчид гэх хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн ар гэрээ ийм байдалтай орхичихоод бусдын юу байдгийг дээрэмдээд яваад байж болохгүй гэдгийг ойлгомоор юм, ухаармаар юм. Хэрэв дэлхий нийт Сомалийн ядууралд туслахгүй гэвэл хүн чанаргүй хэрэг болно. Тусламж үзүүлэхээр нөгөө далайн дээрэмчдийг ажлаа хийж байхад нь, гэр орныхныг нь тэжээгээд байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрүүлээд байх шиг байна. Нэг ёсны олон улсын зүгээс арга хэмжээ авна гэхээр энгийн ард түмэн, эрх чөлөөгөө эдлээд амьдарч байхад хөндлөнгөөс оролцсон мэт олон талын асуудлууд тулгарна л даа. Латин Америкийн холбооны зүгээс бусад Олон улсын байгууллагуудын адил хоол, хүнсний тусламж илгээх шийдвэр гаргасан нь үнэн. Үүнд тариа, будаанаас эхлээд гурил, гоймон гээд олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий.

-Эргээд 2012 оны Ерөн­хийлөгчийн сэдэв рүү ороход та дахин нэр дэвшлээ гээд ард түмэнд  ямар шинэ амлалт өгөх вэ?

-Мэдээж эхний ээлжинд “Миний бие намайг улс төрийн тавцангаас буулгаж чадахгүй” гэдгийг зарим улсуудад хандан хэлэх нь зүйтэй. Мөн өмнө нь хэлж байсанчлан миний хорт хавдар намайг дараа, дараагийн том  сорилтыг даван туулах сэтгэлийн их тэвчээртэй болгосон. Ирэх зургаан жил улсынхаа хөгжилд онцгой том өөрчлөлт хийхийг бодож байгаа. Та өөрийн нүдээр манай улсыг хар л даа. Аль 1999 оноос 2011 он хүртэлх хугацаанд хэрхэн өөрчлөгдснийг анзаарч хар. Энэ бол Венесуэлийн ард түмний хүч хөдөлмөр юм шүү.

-Таныг Английн “Guardian” сонинд “Венесуэлийн Ерөнхийлөгч 2031 хүртэл улсаа удирдах хүсэлтэй байгаа” гэсэн байсан. Энэ үнэн үү?

-Хэрэв миний нас, оюун ухаан, эрүүл саруул, эрч хүчтэй байх юм бол энэ тоо илүү алсад үргэлжлэх болно. /инээмсэглэв/  Ер нь яагаад болохгүй гэж.

-Фидель Кастро танд баяр хүргэсэн. Нууц биш бол өөр хэн, хэн таны эрүүл мэндийн байдлыг сайжирсанд баяр хүргэсэн бэ. Мэдээж энэ асуулт уншигчдын сонирхлыг ихэд татах байх?

-Мексик улсын Ерөнхийлөгч Фелипе Кальдерун болон Латин Америкийн орнуудын ихэнх төрийн тэргүүнүүд баяр хүргэсэн шүү.

-Сөрөг хүчнийхэн танаас “Венесуэль улсаар тоглоом хийхээ боль” гэж шаардсан  санагдаж байна?

-Мэдээж сайн байгаад минь хор шар нь хүрч байдаг хэсэг хүмүүс “Хүний биологийн онцлог” гэж хэлж болно. Эдгээр хүмүүсийн юу ярьж, юу хийх нь надад сонин биш. Ард түмэн юу хүсэж байна. Би түүнийг  нь өгдөг, биелүүлдэг байхад л  хангалттай.

Ямартай ч Венесуэль улсын Ерөнхийлөгч Уго Чавес тус сайтанд ийнхүү ярьсан бол “Correo del Orinoco” сонинд “Миний өөдөөс босох хүн бараг байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Байсан ч ард түмний итгэлийг олоод ажиллана гэдэгт эргэлзэж байна” гэжээ.

Б.БААТАР

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж