Өмнөд Солонгосын засгийн газар энэ жилээс эхлэн Дэлхийн II дайны үед япон цэргүүдийн бэлгийн дур хүслийг хангаж байсан гунигт түүхийн хохирогчдод сар бүр мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Өдгөө тус улсад “зугаацуулагч эмэгтэй”-н амьд гэрч, хохирогч болсон 40 хүн байдаг ажээ. БНСУ-ын Гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах яамнаас 2017 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн хүрээнд хохирогч бүрт тэтгэмж болгож сард 6,6 сая вон олгохоор болсон байна. Түүнчлэн өмнө нь олгодог байсан амжиргаа, асаргааны зардлыг үргэлжлүүлэн олгох ба 1,3 сая ба 1,08 сая воноор тус тус нэмэгдүүлсэн байна.
Дэлхийн II дайны үед 200 мянга гаруй залуу бүсгүйчүүд Японы Квантуны армид “зугаацуулагч эмэгтэй”-н үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Тэдний дийлэнх нь солонгос бүсгүйчүүд байсан гэж түүхчид үздэг. Харин өдгөө Өмнөд Солонгост гашуун түүхийн гэрч болсон 40 хүн байдаг бөгөөд тэдний ихэнх нь наяас өндөр настай гэнэ.
Япон болон Өмнөд Солонгосын засгийн газар 2015 онд “зугаацуулагч эмэгтэй”-н асуудлаар ойлголцолд хүрч, Японы талаас секс боолчлолын хохирогчдод нэг тэрбум иений нөхөн олговор олгохоор болсон юм. Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу шинэ оны өмнөхөн Өмнөд Солонгосын хүний эрхийн төлөө тэмцэгчид Бусан дахь Японы консулын газрын өмнө “зугаацуулагч эмэгтэй”-н хөшөөг байрлуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Энэ үйл явдлыг Японы тал хоёр орны дипломат харилцаанд сэв суулгасан үйлдэл хэмээн үзэж, Өмнөд Солонгост суугаа Элчин сайд болон Бусан дахь ерөнхий консулаа эгүүлэн татсан юм. Тэд өнөөдөр /2017.01.08/ Токиод очжээ. Өмнөд Солонгосын тал Японы шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд байна.
С.ЦЭЛМЭГ