“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч, судлаач, хөтлөгч П.Анужин өнгөрөгч баасан гаригт /2017.01.06/ IMAX кинотеатраас сар бүр зохион байгуулдаг “IMAX” лекцийн энэ удаагийн хүндэт зочноор оролцсон юм. Хүндэт зочныг www.urgoo.mn сайтаар санал асуулга явуулж тодруулдаг аж. Энэ удаагийн хүндэт зочин П.Анужин “Шинэ эриний шинэ хандлага” сэдвээр үнэ төлбөргүй лекц уншлаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд цэнхэр дэлгэцээр магадгүй та бүхний олонхтой нь уулзаж байсан байх. Энэ удаа хүмүүсийн хамгийн их сонирхдог эрүүл мэнд, хоол хүнс, мацаг хэмээх сэдвийн талаар ярилцъя хэмээн хэлэв. Ингээд түүний “Шинэ эриний шинэ хандлага” лекцийн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
Хэрвээ өнөөдөр таны амьдралд шийдэж чадахгүй байгаа зовлон байгаа бол гарах гарцгүй ч юм шиг бодогдож байвал хандлагаа нэг шинжээд үзээрэй гэж хэлэх гэсэн юм.
Бид аливаа зүйлд хандах хандлагаа 21 дүгээр зуунд өөрчлөхгүй л бол тэр хүсээд байгаа их аз жаргал, хүсэл мөрөөдөл биднээс алсраад байдаг юм байна.
Ус балгахаас эрүүл мэнд эхэлнэ. Усыг буюу шингэн зүйлийг зөв уухаас гоо сайхан эхэлдэг.
Хүүхдүүдэд 30 минут тутамд нэг балга ус уулгаж сургавал эрүүл мэндэд нь маш том өөрчлөлт гарна. Та өнөөдрөөс эхлэн долоо хоног усаа тогтмол уугаадүзээрэй, таны арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.
Миний хувьд хамгийн их урт мацаг барьсан нь 30 хоногийн устай мацаг байсан. Гэхдээ гэнэт л 30 хоног мацаг барьчих юм биш шүү дээ.
Мацаг барих амархан боловч мацгийг тайлах нь өөрөө их чухал.
Энэ олон жилийн хугацаанд 30 хоногийн устай мацаг барьсныхаа үр дүнд би цоо эрүүл монгол хүн болж чадсан гэдгээ та бүхэнд хэлэх гэсэн юм.
Өдөр тутамд ам руугаа халбагдаж хийж буй хоол тань эм болох уу, хор болох уу гэдэг нь таны гарт байдаг юм шүү. Хоолоо хэрхэн эм болгон найруулж идэх вэ гэдэг ухаанд бид суралцаж чадвал эрүүл мэндийн асуудал өөрөө гарт ороод ирнэ.
Арьсаа чийглэг, эрүүл байхын үндэс нь усыг биедээ шингээж уухыг хэлдэг. Үүнд цай ордоггүй. Цай бол хүнсний төрөл.
Хүний ам цангах мэдрэмж, өлсөх мэдрэмж хоёр яг ижилхэн мэдрэгддэг гэдгийг эрдэмтэд бичсэн байдаг. Тэгэхээр хүн ам цангаж байгаагаа өлсөж байна гэж ойлгоод хоол хүнс идээд байдаг хүмүүс олон байж магад. Тэгвэл та бүхэн өлсөх мэдрэмж төрөх бүрт балга ус балгаад үзээрэй. Хэдхэн минутын дараагаар өлсөх мэдрэмж дарагддаг.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД