Ял авсан иргэдийн ар гэрийнхэн жагслаа

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Ял авсан иргэдийн ар гэрийнхэн жагслаа

  • Дэд бүтцийн сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн өнгөрөгч бямба гаригт /2017.01.07/ Орхон аймгийн “Уурхайчин” соёлын төвийн урд талбайд 12.00 цагаас тайван жагсаал зохион байгуулжээ. Мөн тэд энэ жагсаалын үеэр хэргийн тухай шинэ баримт дэлгэнэ гэсэн юм. Гэвч иргэдийн жагсаал 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 40 минут орчим үргэжилсний дараагаар жагсаалыг хууль хяналтын байгууллагынхан тараасан байна.


  • Монголбанкны захирлуудын зөвлөл энэ сарын 5-нд хуралдаж, БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) буюу ICBC банкинд Улаанбаатарт Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.


  • Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байгаа гэсэн мэдээлэл оны өмнө гарсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн Засаг дарга нартай хийсэн уулзалтдаа энэ сэдвийг хөнджээ. Тэрбээр “Тавантолгойн ордын 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна, ганц компанид өгөх гэж байна зэрэг мэдээлэл гарч байна. Эдгээр мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдье. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ. Дэлхийн үнэлэгдсэн ийм ордоо Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүйгээр шийдэхгүй” гэж мэдээлжээ.


  • Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд 116 мянган гишүүн оролцжээ. Ингээд Ардчилсан намынхан даргаа сонгох сонгуулийг өчигдөр /2017.01.08/ дотооддоо зохион байгуулсан байна.


  • Говь-Алтай аймгийн нутагт бог малын халдварт мялзан өвчин тархаж, 400 гаруй бөхөн үхжээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас хамтарсан ажлын хэсэг гарч, нийт нутгаар самналт хийхээр ажиллаж эхэлсэн байна. Мөн халдварт өвчний голомт болох Тонхил, Дарви сумдад арга хэмжээ авч ажиллах гэнэ.


  • Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн тийш 40 километрт шороон замд авто осол гарч хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ. Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 38 настай Б, зорчигч 29 настай Б нарын хоёр хүний амь нас хохирч, гурван хүн гэмтсэн мэдээг Замын цагдаагийн газраас өгчээ.


  • Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж 2016 оны шилдэг сүмоч болжээ. Уг шалгаруулалтыг Японы спортын “Хочи шинбүн” сонин явуулдаг бөгөөд эцсийн шатанд Харүмафүжи, Хакүхо, Кисэносато нар тунаж үлдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж