Долоон оргилыг эзэгнэгч

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Долоон оргилыг эзэгнэгч

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа эх орондоо ирлээ. Тэрбээр өнөөдөр /2017.01.09/ ирсэн даруйдаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулсан юм. Түүний хувьд “Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол уулчин боллоо. Мөн Өмнөд туйлд очсон монголын ес дэх хүн болсноос гадна Винсон Массиф ууланд авиралт хийсэн анхны монгол эмэгтэй уулчин болж байна. Б.Гангаамаа энэхүү ууланд авиралт хийснээс гадна Антарктид тивд цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх зэрэг судлаачийн ажлыг давхар хийсэн юм.  

Түүнтэй ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцъя.

-Та уулчин бүрийн гарахыг хүсдэг долоо тивийн долоон ноён оргилд гарч чадлаа. Ийм гайхамшигтай амжилтад хүрсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Хүсэл зорилгыг минь биелүүлэхэд тусалсан Монголын ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж байна. Үнэндээ зорьсон зорилгоо биелүүлэхэд сүүлийн даваа Антарктид тивийн Винсон Массиф /далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргил байлаа. Чилийн цагаар 2016 оны арванхоёрдугаар 25-ны өдрийн 19.15 цагт оргилд хөл тавьсан. Энэ амжилт маань “Seven summit” буюу уулчин бүрийн хүсэн тэмүүлсэн зорилгын нэг байсан. Монголын уулчдаасаа анхны шанг татсандаа баяртай байна. Манай уулчид миний амжилтын араас зүтгэнэ гэдэгт  итгэлтэй байна.

-Агаар солигдоод явах тэр мөч хэр хүндрэлтэй байсан бэ?

-Антарктид тив мөсөн ангалаар дүүрэн. Тиймээс бидэнд маш их сануулгыг өгч байлаа. Онгоц буух талбайг хүртэл онцгойлон засдаг юм билээ. Тэмдэглэгээгүй газар буух юм бол цөмрөх аюултай. Цас орсон ч хэзээ ч ус болохгүй учир тэнд агаар хуурай. Цэвэр хатуу, цас мөс. Дандаа өгссөөр байгаад оргилд хүрсэн. Маш хүйтэн. Би явахынхөө  өмнө ууланд гарахад  ямар үнэтэй юм бэ гэж бодож байсан. /Түүний хувьд ойролцоогоор 48 мянган ам.долларыг хандиваар босгосон/ Гэтэл тэр орчинд очихын тулд тийм үнэтэй байхаас аргагүй юм билээ.

-Та “Seven summit”-ийг хэзээнээс зорьсон бэ?

-Уулын спортод цөөхөн хэдэн топ амжилтууд байдаг. Түүнийг хийхийн тулд Монголын уулчид олон жил зүтгэлээ. Би товчоор “Дэлхийг хураалаа” гэж хэлмээр байна. Үнэндээ бүх тивийн бүх ноён оргилд гарсан амжилт байсан учраас би “Дэлхийг хураалаа” гэж ойлгож байна. 2011 онд Эверестэд гарсны дараа надад “Seven summit”-ыг хураах хүсэл төрсөн. Энэ бол урт хугацааны олон жилийн авиралт байлаа. Гол нь энэхүү амжилтыг хийхийн тулд монголчуудын маань дэмжлэг их байсан. 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас олимпийн аваргуудтай болсны дараа гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Д.Сүрэнхорлоо нарын санаачлагаар би энэ хүслээ биелүүлсэн. Тэд уулчин хүн, тэр дундаа эмэгтэй уулчин Эверестэд яагаад гарч болох юм бол гэдэг саналыг тавьж, энэ нь ажил хэрэг болж явсны үр дүнд өнөөдрийн энэ амжилтын эхлэл тавигдсан юм. Тэгээд Эверестэд 2011 онд гарсны дараа миний гадаад харилцааг хариуцсан “Монголиа Экспедишнс” компанийн менежер Батбаяр маань “Seven summit”-ыг хийх л байлгүй дээ гэж билээ. Тухайн үед гэнэт л зурсхийсэн хүсэл  төрсөн ч надад нэг айдас байсан.

2011 онд Эверестэд гарсны дараа надад “Seven summit”-ыг хураах хүсэл төрсөн. Энэ бол урт хугацааны олон жилийн авиралт байлаа. Гол нь энэхүү амжилтыг хийхийн тулд монголчуудын маань дэмжлэг их байсан.

-Ямар?

-Би Хойд Америкийн ноён оргил Деналиг давах болов уу гэж бодож байлаа. Харин үүнийг 2015 онд хийгээд л үлдсэн оргил руугаа тэмүүлсэн дээ. Намайг Винсон Массиф ууланд гараад ирэхэд багийнхан маань “За ингээд Seven summit”-ыг хийлээ шүү дээ гэж билээ. Уул бол уул. Энэ уулыг давахад амар байсангүй.

-Оргил дээр гарчихаад хамгийн түрүүн  юу боддог вэ?

-Оргил дээр удаан байх нөхцөлгүй. Мэдээж тухайн үед их ядарсан байна. Мөн тэр оргил дээр гарснаа баталгаажуулахын тулд хурдан зураг авах ёстой. Мөн аль болох ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг баримтжуулах гээд ажил их л дээ. Элдвийг бодох зав байдаггүй гэх үү дээ.  

-Оргилд авирах, буух хоёрын аль нь хэцүү вэ?

-Хүмүүс янз бүр ярьдаг. Зарим нь гарахаасаа буух нь илүү хүнд гэж. Үнэндээ бол гарах нь хүнд. Гарахын тулд маш их хүч зарцуулсан учраас бие сульдана. Тиймээс авирах нь илүү хүнд санагддаг.

Таны хувьд анх уулын спортод орсон шалтгаан юу вэ. Энэхүү амжилтыг удаан хадгалахад юу нөлөөлсөн бэ?

-Би энэ спортод орсон шалтгаанаа хэлж чаддаггүй юм. Гэхдээ хүүхэд байхын тэр хүсэл тэмүүлэл намайг өнөөдөр ийм амжилтанд хүргэж чадлаа. Дунд сургуулийн сурагч байхдаа энэ спортыг сонгосон. 1989 оноос хойш өнөөг хүртэл уулын спортоор хичээллэж байна. Улаанбаатараас ирсэн уулчидтай хамт төрсөн нутгийнхаа Очирваань хайрханд хамт явах боломж олдсон. Хүүхэд болохоор юу ч бодолгүй шууд л зөвшөөрсөн.  Тэгж л анх Очирваань хайрхандаа хөл тавьж байсан түүхтэй. Анх тахилгат уулнаасаа  авсан тэр эрч хүч маань намайг их хурцалсан. Эхний 10-аад жил ахмадуудаа дагаж, Монголынхоо олон ууланд гарсан. Харин сүүлийн 10-аад жил энэ спортод зүрх сэтгэлээрээ холбогдсон хүний хувьд илүү  их зорилгыг  тавин зүтгэсэн дээ.  

1989 оноос хойш өнөөг хүртэл уулын спортоор хичээллэж байна. Улаанбаатараас ирсэн уулчидтай хамт төрсөн нутгийнхаа Очирваань хайрханд хамт явах боломж олдсон. Хүүхэд болохоор юу ч бодолгүй шууд л зөвшөөрсөн.  

-Шантрах үе байсан уу. Бэрхшээлийг яаж давж байсан бэ?

-Надад шантрах үе байсангүй. Үнэндээ бол авирахын өмнө мөнгө төгрөг, ивээн тэтгэгч олдохгүй үед л гомдмоор байдаг. Мэдээж өндөр зардал гаргаад явахад хэн дуртай байх билээ. Бүтэлгүй хариу сонсох тэр мөчид л хэцүү. Харин эх орноосоо мордоод онгоцонд суух үеэс хойш бол шантарна гэж байхгүй дээ. Нэг удаа Эверестэд авирч байхдаа авиралтаас буцаж яваа уулчдын машины тоосыг хараад  “Би хэзээ эх орон руугаа  ингэж буцах бол” гэж гэгэлзсэн бодол төрж байсан. Тэр бодлыг эс тооцвол надад шантрах үе гарсангүй.

-Та Винсон Массиф оргилд гарахын өмнө юу бодож байна?

-Маш их хүйтэн байсан. Оргил дээр гарахын өмнөхөн их зүйлд сатаарахыг хүсээгүй. Харин уулын оргилд гарчихаад “Гарлаа даа” гээд өөртөө баярлаж байлаа. Энэ авиралтыг Оросуудтай хамтран хийсэн. “Seven summit” клубын ерөнхийлөгч нь энэ удаа хамт явсан. Тэр хүн Эверест болон Винсон Массифт уулчдыг гаргахдаа өөрөө хамт  явдаг юм билээ. Яагаад гэхээр энэ бол хамгийн хүнд авиралтын нэг болохоор багаа удирдаад явдаг гэсэн. Тэр хүн Эвэрерстэд 7, Винсон Массифт 15 дахь удаагаа гарч байгаа.  Би Оросуудтай хамт авирсандаа сэтгэл дүүрэн байгаа. Бид их хөгжилтэй байсан.  Яагаад гэхээр монголчууд оросоор бага сага ч гэсэн ярина шүү дээ.  Би оросоор ярьж чадахгүй, гэхдээ ойлгоно гэхээр “Ичихгүйгээр ярь” гээд их дэмжинэ. Зарим үед онигоо ярина. Тэд наймаг их цаашлуулна.

-Та оцон шувуутай зургаа авахуулж чадав уу?

-Оцон шувуутай зургаа даруулж чадсан. Гэхдээ жижиг оцон шувуутай авахуулсан. Авиралтын дараа “Хаан оцон шувуу” гэж нэрлэгддэг газар очиж, танилцах байсан. Гэтэл би уулнаас буугаад гурав хоног унтчихсан. Ингээд нөгөө хуваарийн дагуу очих байсан газраа очиж чадаагүй. Уулнаас буугаад их ядарсан болохоор ихэнх цагаа унтаад өнгөрөөчихлөө. /инээв/ Оцон шувуу бол Антарктид тивийн гол бэлэг тэмдэг учраас зургаа авахуулж амжсан.

Авиралтын дараа “Хаан оцон шувуу” гэж нэрлэгддэг газар очиж, танилцах байсан. Гэтэл би уулнаас буугаад гурав хоног унтчихсан. Ингээд нөгөө хуваарийн дагуу очих байсан газраа очиж чадаагүй.

-“Seven summit”-аас цааш танд төлөвлөсөн зүйл  байгаа юу?

-Өнөөдөр Монголын уулчин “Seven summit”-д бүртгэлтэй боллоо. Надад мэдээж цааш хийх зүйл байна. Энэ их олон жилийн аялал маань түүхэн намтар учраас бичих зүйл их байна. Тиймээс номын ажилдаа орох болов уу. Уулын спортоор хичээллээд 30-аад жил боллоо. Сүүлийн долоон жил энэ том амжилтын төлөө зүтгэлээ.

-Та уулчин хүний хувьд уулын спортын тухай юу хэлэх вэ?

-Уулын спортыг спорт гэдэг талаас нь яримаар байна. Олон жил авиралт хийж байгаа мэт харагдаж байгаа ч үнэндээ бол тамирчны амьдралаар явлаа. Уулын спортыг сонгоод өөрт таарсан өндөрт гараад байх нь эрүүл мэндэд маш сайн. Харин хэт өндөрт гарахыг хүссэн хүнд маш сайн төлөвлөгөө хэрэгтэй. Хэт өндөрт гарахад таарахгүй хүн ч байна.

Харин яг энэ спортыг зориод, амжилтын төлөө явж байгаа хүний хувьд бол зорилгоосоо ухрахгүй байх нь чухал. Хүн бол жижиг. Уул бол өндөр. Өндрийн өндөр дээр чи гарчихлаа гэдэг магтаалыг сонсох сайхан байдаг. 2016 он бол миний хувьд үнэхээр том амжилттай жил байлаа. Би “Seven summit”-ын сүүлийн дөрвөн оргилоо өнгөрсөн онд багтааж хийлээ. Тиймээс 2016 он бол миний хувьд үнэхээр азтай жил байлаа. Энэ амжилтыг хийхэд минь тусалсан Монголын ард түмэн, спонсор байгууллага, төр засагтаа дэндүү их баярлаж байна. 

Европ тивийн ноён оргил Эльбурс, Ази тивийн ноён оргил Эверест, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Хойд Америкийн ноён оргил Денали, Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа болон Австрали /Далайн/ ноён оргил Карстенз пирамид гэсэн зургаан тивийн ноён оргилд хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулсан уулчин Б.Гангаамаа Антарктид тивийг оны өмнөхөн зорьсон юм. Тэрбээр ОХУ-ын “7 Summits” клубтэй хамтран ажиллаж, Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралтаа 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн өглөөний 09 цаг 57 минутанд /Чили улсын цагаар 2016.12.25-ны 19.15/ хийлээ. Түүний хувьд “Seven summitыг хийсэн анхны монгол уулчин болж, дэлхийн уулчдын түүхэнд нэрээ бичүүллээ.

Тэрээр,

  • 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
  • 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
  • 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
  • 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
  • 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
  • 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м, Анхны монгол уулчин
  • 2016 онд Австрали тивийн Косиушко уулын оргил /2228 м/
  • 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон Массиф /4897м/ гэсэн долоон тивийн долоон ноён оргилд хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж