Хөдөөнийхөн хавраас болгоомжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Хөдөөнийхөн хавраас болгоомжилж байна

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болж өнгөрлөө. Семинарийн үеэр аймгийн Засаг дарга нартай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдлыг тодрууллаа.


Шадар сайд У.Хүрэлсүх:

-Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Баруун аймгаас Ховд, Завхан, Баян-Өлгий, зүүн аймгуудаас Хэнтий, Дорнод, төвийн аймгуудаас Сэлэнгэ зэрэг нийт 15 аймгийн 100 гаруй сумдад өвөлжилт хүндрэлтэй, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Хүйтний эрч чангарвал нөхцөл байдал хүндэрч магадгүй. Тиймээс Засгийн газраас цас зуднаас сэргийлэх арга хэмжээг үе шаттай авч байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад цаг алдалгүй туслалцаа үзүүлэх асуудлыг оруулна.

-Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа:

-Завхан аймаг өмнө жил хүндрэлтэй өвөлжсөн. Энэ жил баруун таван аймагтай харьцуулахад цасан бүрхүүл тогтсон. Ялангуяа цагаан зуд нүүрлэсэн найман сум бий. Хойд бүсийн сум болох Баянтэс, Баянхайрхан, Асгат, Их-Уул, Тосонцэнгэл гэх мэт сумдад хүнд байна. Тиймээс аймаг төсвийн хэмнэлт хийж, аюулгүйн нөөцөө бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч энэ нөөц хүндрэлийг давахад хангалтгүй гэж үзэж байгаа. Учир нь зуд бол хэлж ирэхгүй. Хоёрдугаарт, даван дийлэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй тул Засгийн газарт хандсан. Ингээд Шадар сайд манай аймагт ажиллахаар болсонд таатай байна.

-Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба:

-Хэнтий аймгийн хувьд өвөлжилт хүнд байна. Хойд болон зүүн талын сумдууд зудын байдалтай өвөлжиж байгаа. Одоогийн байдлаар мал ядарч дордоогүй ч гэсэн урьдчилсан арга хэмжээ авахгүй бол эцэст нь хичнээн арга хэмжээ аваад ч нэмэргүй болдог. Тиймээс одооноос тэжээл хэрэглэж эхэлсэн.  Малчид отор нүүдэл хийгээд явах боломж муутай. Ихэнх малчин өрх өвөлжөөндөө байгаа. Иймд зудын байдалтай сумдад өвс тэжээл ойртуулах зохион байгуулалтын арга хэмжээ аваад эхэлсэн. Бидэнд байгаа нөөц хүрэлцэхгүй байх магадлалтай тул цас зүсэж бэлчээр гаргадаг төхөөрөмж ашиглана. Энэ төхөөрөмжийг хэрэглэхэд шатахуун их зарцуулдаг. Тиймээс зарим байгууллагыг шатахуун, түлшээр туслаач гэсэн хүсэлт илгээгээд байгаа. Нутгийн зөвлөл, хувийн хэвшил нийлж зудын эсрэг нийтээрээ хөдөлж байна. Бид хамтын хүчээр өвөл хаврын уртыг давахаар ажиллаж байна. 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: 

-Манай аймгийн хувьд цаг агаарын нөхцөл байдал харьцангуй тааламжтай байна. Эрдэнэцогт, Галуут, Баянбулаг зэрэг хангайн сумдаар нэмж цас орох юм бол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Дээрх сумдад ууландаа 20-40 см цастай байгаа. Бусад сумдын хувьд өвөлжилт харьцангуй сайхан байна. Өвлийн бэлтгэл ажилд 100 сая төгрөгийн эх үүсвэр гаргаж аймгийн нөөцөд 200 тонн өвс, 50 гаруй тонн тэжээл татсан. Улсын нөөцөд өвс, тэжээл бий. Цаг агаар эрс хүндрэхгүй бол өвлийг өнтэй давах нөхцөл боломж бий.

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог:

-Ховд аймагт өвөлжилт харьцангуй гайгүй байна. Баруун талын сумдаар цастай байгаа. Цасны зузаан зарим газартаа 20 см, зарим газартаа метр хүрсэн. Малын тэжээл буулгаж, малчдаа эргэж тойрч, мэргэжлийн эмч нарын баг ажиллуулсан. Малчдын сэтгэл санаа тогтуун байгаа. Энэ жил манай аймаг 60 мянган тонн хадлан авах ёстойгоос 58 мянган тонныг авсан. Ер нь энэ жил ургац хураалт сайн байгаа. Малчид бэтгэлээ сайн хангасан. Манай аймгийн нутагт хавар цаг хахир хатуу болдог. Тиймээс 3-4 дүгээр сард онцгой анхаарал хандуулахаар төлөвлөөд байна. Манай аймаг 2,3 сая толгой малтай байсан. Энэ жил таван төрөл дээр мал өсч 3,4 сая толгой малтай болсон.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин:

-Өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй сайн байна. Аймгийн зүгээс өвс тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлсэн. Дээрээс нь малчид өвс тэжээлээ сайн базаасан. Одоогоор аймгийн дундаж температур 7-10 хэм хүйтэн, өнтэй өвөлжиж байна.

-Засгийн газрын зүгээс аймгуудын удирдлагуудад аль болох хэмнэлт хийхийг анхааруулж байна. Тэгэхээр танай аймагт хэмнэлтийг хэрхэн хийсэн бэ?

-Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар 40 хүний орон тоотойгоор ажиллана. Сумдад 25-30 хүний орон тоотой ажиллахаар бүтцээ баталсан. Бүтэц орон тооны хувьд иймэрхүү чигтэй. Ер нь манай аймаг улсаас татаас авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Гэхдээ Засгийн газраас үүрэг чиглэл болгож байгаагийн хувьд бид 2017 онд төрийн албан хаагдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах, мөн санхүүгийн сахилга батыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж