Агаарын бохирдол, утааны асуудал монголчуудын хувьд аль хэдийнэ шинэ сэдэв биш болсон. Харамсалтай нь цаг агаар дулаарч, түүхий нүүрс түлэх шаардлагагүй болсон үед энэ тухай ярихаа больж, хүйтний улирал ирж, айлууд эргээд нүүрсээ түлж эхлэх үеэр дахин энэ тухай ярьж эхэлдэг. Энэ жил харьцангуй эрт хүйтэрснээс яндангаас гарах утааны хэмжээ ч ихэслээ. Засгийн газрын албан тоо баримтаар нийслэл хотод 198 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ нь 198 мянган яндан гэсэн үг. Гэхдээ яндангийн тоо үүнээс ч их байх магадлалтай. Хорооны бүртгэлд өрх гэж бүртгэгдээгүй ч эцэг эхийн голомтоос өрх тусгаарлан нэг хашаанд амьдарч буй залуу өрх олон бий.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр танилцуулагдсан мэдээллээс харахад Улаанбаатар хот жилдээ 5,9 сая тонн нүүрс түлж байгаагийн 10 хувийг гэр хороололд байгаа айл өрхүүд түлдэг байна. Гэсэн ч агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг байна.
Агаарын бохирдолтой өнгөрсөн жилүүдэд тэмцээгүй биш тэмцсэн. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 132 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй гэдгийг нийслэлд суурилуулсан агаарын чанарыг хянах 14 автомат самбарын тоонууд харуулж байна. Энэ зарцуулсан хөрөнгийн дийлэнхийг утаагүй зуух, утаагүй түлш үйлдвэрлэхэд зарцуулсан. Утаа үйлдвэрлэж байгаа гэр хорооллыг барилгажуулах ажлыг нийслэлийн өмнөх удирдлага хэрэгжүүлсэн ч утаа ихэссэн үү гэхээс буурсангүй. Гэр хорооллынхонд зориулан барьсан орон сууцны хороололд борлогдоогүй орон сууцаар дүүрэн байна. Орон сууц худалдан авах чадвартай иргэд нь аль хэдийнэ ипотекийн зээлдээ орчихсон. Харин зорилтот бүлгийн иргэдээс хэд нь яндангаа орон сууцаар сольж чадсан бол.
Утаатай хийж байгаа тэмцэл үр дүнгүй байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны хэрэглээг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ бол зоримог шийдвэр. Угаас алдагдалтай байгаа эрчим хүчний салбарт нэмэлт ачаа үүрүүлж байгаа. Харин шийдвэр хэрэгжиж эхлээд долоо хоноход халаагуур худалдан авсан иргэд бараг байхгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногт манай сэтгүүлчдийн бэлтгэсэн сурвалжлагаас тодорхой харагдсан.
Тайлбар нь халаагуур авах мөнгө байхгүй учраас хямдаар нь нүүрсээ түлсээр байгаа аж. Хасах 30 гарч хүйтэрч байгаа өвлийн хүйтэнд 70-100 мянган төгрөгийн халаагуур тавьсан айл нүүрс түлсэн шиг дулаан байж чадах уу, цахилгааны утас, холболтоо ийм хэрэглээг даахаар тавьж чадсан уу, галын аюулгүй байдлыг хангах уу гээд олон асуудал араасаа дагуулж байна.
Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа шийдвэр зөв ч эдгээр шийдвэр хэрэгжих хөрс алга. Иргэдийн орлого муу байна, өдрийн хоолны мөнгөө арайхийн олж байгаа иргэд утаа хортой гэдгийг мэдсээр байгаа ч нүүрсээ түлж хөлдөж үхэхээс өөрсдийгөө аварч байна. Утаатай тэмцэнэ гэж яриад арваад жил болсон ч энэ асуудлыг нийгэм, эдийн засгийн уялдаа холбоотой судалж, боловсруулсан үндэсний хэмжээний баримт бичиг алга. Хэд хэдэн сан байгуулж, дотоод гадаадаас хөрөнгө цуглуулсан ч энэ хөрөнгийг зөвд зүйлд нь зарцуулаагүй нь тогтоогдож, ажил хариуцсан хүмүүс нь шүүх цагдаад очсон асуудал бий.
Өглөөд нийслэлийн дээгүүр хуралдсан хорт утааны жинхэнэ хор уршиг бидний нүднээс далд өрнөж байна. Нийслэлчуудийн өвчлөл, тэр дундаа бага насны хүүхдийн өвчлөлөнөө маргаашдаа эцэг эхийг нь цалингаар, цаг заваар нь торгоод өнгөрч байгаа мэт боловч тав, арав, 15 жилийн дараах хор урхаг яаж илрэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Ид ажиллах насны хүмүүсийн тал нь урхаг суурь өвчтэй болохыг ч үгүйсгэхгүй. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарт байх тоосонцрын хэмжээ зохих хэмжээнээс долоо дахин өндөр байгааг хянах самбарууд харуулж байна. Долоо дахин их хэмжээтэй байгаа тоосонцрын ирээдүйд үүсгэх өвчлөлийг тооцон эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэх цаг болсон.
Аргаа барсан иргэд жагсаал цуглаан хийж үзсэн ч өнөөдрийн байдлаар амны хаалт зүү гэсэн практик зөвлөгөө л хамгийн оновчтой нь болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, одоохондоо боломжоороо өөрсдийгөө л хамгаалахаас өөр сонголт алга.