Бөхийн чөлөөт барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Өрсөлдөөн ширүүн, зохион байгуулалт сайтай болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүлжээ.
Ц.Цогтбаяр дасгалжуулагч өмнөх олимпийн циклд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад Рио-2016 олимпийн үеэр дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасан гэх шалтгаанаар дасгалжуулагчийн эрхээ гурван жилийн хугацаагаар хасуулж, шигшээ багийн ажлаа хүлээлгэж өгсөн. Олимпиос хойш тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчдаа дасгалжуулан, бэлтгэж буй.
Жил бүрийн УАШТ-ийг өнгөлдөг түүний унаган шавь нар энэ жил ч онцгой барилдаж, эрэгтэйчүүд 3 алт /Н.Лхамгармаа 65 кг, Г.Мандахнаран 70 кг, О.Үйтүмэн 70 кг/, эмэгтэйчүүд 3 алтан медаль /С.Цэрэнчимэд 58 кг, П.Орхон 63 кг, Б.Одончимэг 75 кг/ хүртлээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Ц.Цогтбаяр, түүний шавь, Риогийн олимпийн V байрын шагналт Г.Мандахнаран нар Америкт худалдаанд гарсан богино ханцуйтай цамцыг өмсч ирсэн нь анхаарал татаж байлаа.
Дасгалжуулагч Ц.Цогтбаярын эрхийг хязгаарласан тул энэ удаагийн УАШТ-ий үеэр тамирчны үндсэн дасгалжуулагчаар дэвжээнд гарахыг хориглож байв. Үүнд үзэгчдийн зүгээс багагүй эсэргүүцэл илэрхийлсэн ч Монголын чөлөөт бөхийн холбоо "Дэлхийн бөхийн холбооны чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой" хэмээн тайлбарласан юм.
Б.ЭНХ