Туркийн цагдаа ОХУ-ын Элчин сайд агсан Андрей Карловын аллагын хэрэгт холбоотой байж болзошгүй таван хүнийг сэжигтнээр татаж, саатуулсан байна. Тэдгээр таван хүний дөрөв нь Элчин сайдыг буудаж хөнөөсөн Мевлут Мерт Алтынтасын хамт ажиллагсад, харин нэг нь Фетхуллах Гюлений хөдөлгөөний (FETO) гишүүн гэнэ. Тэр Измир дэх цагдаагийн сургууль дахь FETO бүлэглэлийн идэвхтэй гишүүдийг хянаж, зааж чиглүүлдэг байсан аж. Гэмт этгээд Алтынтас нь мөн тус сургуулийг төгссөн байна.
Туркт Элчин сайдаар ажиллаж байсан ОХУ-ын дипломатч Андрей Карловыг арванхоёрдугаар сарын 19-нд буудаж хөнөөсөн юм. Хамгаалалтын ажилтны дүрээр үзэсгэлэнгийн танхимд нэвтэрсэн гэмт этгээд Элчин сайдыг үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж байх үед нь ар нуруу руу нь 11 удаа буудаж, амийг нь хөнөөсөн. Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг хэргийн газарт буудаж хороосон бөгөөд аллагын захиалагчийг олохоор Оросын талтай хамтран ажиллаж байгаа юм.
С.ЦЭЛМЭГ