“Хавиргын боомтоор адуу гаргаагүй”

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

“Хавиргын боомтоор адуу гаргаагүй”

-Дорнод аймгийн Хавирга боомтоор 1240 толгой адуу экспортолсон гэх мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Адууг амьдаар нь экспортлоогүй гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн байгууллага албан ёсоор мэдэгдэж, бичиг баримтаа ч гэсэн ирүүлсэн байгаа гэлээ-

Шадар сайдын тушаалаар  2016 оны арваннэгдүгээр сарын 15-ны Монгол Улс амьд адууг хил гаргахыг хориглосон юм. Гэтэл 2017 оны нэгдүгээр сарын 3-нд Дорнод аймгийн Хавиргын боомтоор 1240 толгой адууг амьдаар гаргасан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр тарсан. Хриглосоор байтл адууг амьдаар нь экспортолсон гэх  мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очироос тодрууллаа.

-Олон нийтийн сүлжээгээр 1240 толгой адууг хилээр гаргасан гэх мэдээлэл тараад байна. Энэ ямар учиртай юм бэ. Албан ёсны тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсаас амьд адуу экспортлохыг Шадар сайд болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар хориглосон байдаг. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажиллаж байна. Дорнод аймгийн Хавирга боомтоор 1240 толгой адуу экспортолсон гэх мэдээлэл ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Адууг амьдаар нь экспортлоогүй гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн байгууллага албан ёсоор мэдэгдэж, бичиг баримтаа ч гэсэн ирүүлсэн байгаа. 2016 оны арвэннэгдүгээр сарын 11-нээс хойш адууг амьдаар нь нэг ширхэгийг ч экспортлоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ер нь цаашид тодорхой хугацаанд адууг амьдаар экспортлохгүй гэдгийг бизнес эрхлэгч, иргэдэд мэдэгдье.

Адууг амьдаар экспортолж байна гээд олон нийтийн сүлжээгээр, зарим мэдээллийн хэрэгслээр гарч байна. Гэтэл энэ мэдээлэл нь албан ёсны ямар ч баримтгүй байдаг гэдгийг хэлье.

-Олон тоогоор гэлтгүй цөөн хэмжээгээр адууг амьдаар нь экспортлох зөрчил хэр гардаг вэ?

-Арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сар хүртэл бизнес эрхлэгчид адууг амьдаар экспортлох хүсэлтээ нэлээн ирүүлсэн. Экспортлохоор хилийн боомт дээр очсон асуудал ч бий. Тухайн үед Шадар сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэр гарсныг тухайн иргэд ойлгуулж, эргээд адуугаа татах, мах боловсруулах үйлдвэрт төхөөрүүлэх зэрэг ажил хийж байна. Дахиж адууг амьдаар хил гаргах асуудал яригдахгүй.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж