Орхон аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 467 ААН байна. Энэ нь аймгийн хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн эдгээр цэгүүд шөнийн 00 цагаас үйл ажиллагаагаа зогсоодогтой холбоотойгоор иргэд шагчдаас хэд дахин өндөр үнээр архи худалдан авч байна. Иймээс архи согтууруулах ундааг хууль бусаар үнэ нэмэгдүүлж зардаг зөрчлийг таслан зогсоох хүрээнд манай аймагт 24 цагийн дэлгүүр 1-2 ажиллуулах хэрэгтэй гэсэн саналыг аймгийн цагдаагийн газраас гаргажээ.
Ингэснээр архи согтууруулах ундаа хууль бусаар өндөр үнээр худалддаг зөрчил арилна хэмээн үзэж байна.Аймгийн цагдаагийн газраас архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, борлуулдаг цэгийн тоог бууруулах хүрээнд зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг аймгийн засаг даргад хүргүүлэн ажиллаж байна.
Тусгай зөвшөөрлийг цуцлах, сунгах асуудлыг аймгийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийддэг бөгөөд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар тухайн аймаг орон нутгийн архи согтууруулах ундаагаар үйлчлэх газар, цэгийн тоо болон, ажиллах цагийн хуваарийг засаг дарга тогтоохоор тусгагдсан байдаг юм.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN