Чөлөөт бөхийн холбоог Д.Сумъяабазар удирдана

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн холбоог Д.Сумъяабазар удирдана

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт /2017.01.06/ буюу 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр хуралджээ.  

Тус холбоо 2016 оны арваннэгдүгээр сард өргөтгөсөн хурал зарласан ч үл ойлголцол, дүрмийн маргаантай асуудлаа цэгцлэх шаардлага гарсны улмаас хуралдаж чадаагүй юм. Гэхдээ хуралд оролцохоор цугласан гишүүдийн саналаар Холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах Ажлын хэсэг байгуулахаар болж, өргөтгөсөн хуралдаан хуралдуулахаар зарласан. Гэхдээ энэ хурал болсонгүй.

Харин Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн хурлаараа тус холбооны удирдлага, бүтэцийн асуудлыг хэлэлцэж, холбоог ерөнхийлөгч биш Удирдах зөвлөлийн дарга тэргүүлэх байдлаар шийдвэр гаргасан бололтой. Удирдах зөвлөлийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар удирдах аж.

Холбооны Удирдах зөвлөлийн даргад гурван хүн нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн 17 гишүүний олонхи өмнө нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Сумъяабазарт саналаа өгчээ.

Үүний өмнө буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 23-нд тус холбооны Удирдах зөвлөл хуралдаж, холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул түүнийг үүрэгт ажлаас нь чѳлѳѳлсөн. Түүнээс хойш Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр дасгалжуулагч Б.Батбаяр ажиллаж байсан бол түүнийг өнгөрсөн долоо хоногийн хурлаас дээрх албанд албан ёсоор томилжээ.

Холбооны өргөтгөсөн хурал яагаад хуралдах шаардлагагүй болсон, холбооны удирдлага, бүтэц, зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн гэхчлэн албан ёсны мэдээллийг Монголын чөлөөт бөхийн холбоо удахгүй албан ёсоор мэдээлэл хийж, танилцуулна гэлээ.

“Рио-2016” олимпийн циклтд тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дүү Асашёорюү Д.Дагвадорж ажилласан билээ.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж