Сурагчдын амралтаар шийдэлд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.01.09-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтаар шийдэлд хүрсэнгүй

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх асуудлаар Нийслэлийн Засаг даргад албан тоот хүргүүлжээ. Энэ албан тоотын дагуу сурагчдын амралтыг сунгах асуудлаар хотын дарга Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай зөвшилцөж шийдвэр гаргадаг юм байна. Тиймээс өнөөдөр /2017.01.09/ Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ш.Анхаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай зөвшилцсөн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-аас эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 19-нд дуусч, хичээл эхэлнэ. Сурагчдын амралт дуусч, хичээл эхлэхээс өмнө томуу, томуу төст өвчний өвчлөл буурахгүй байвал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлэхээс өмнө сунгах эсэхээ шийдэхээр болсон байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн хотын даргад хүргүүлсэн албан тоотод “Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 ба түүнээс дээш хувийг эзэлсэн тохиолдолд цэцэрлэг, ерөний боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, амралтыг зохицуулах, үзвэр үйчилгээ олон нийтийн газрын ажиллах цагийн хуваарийг багасгах, хаах, олныг хамарсан арга хэмжээг хязгаарлах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг  дурьджээ. Мөн хүүхдийн тасаг нээж байгаа болон нэмэлт ор дэлгэж байгаатай холбогдуулан хүүхдийн амьсгалын аппарат хоёр, нярайн амьсгалын аппарат хоёр ширхэгийг дүүргийн эмнэлгүүдэд олгож өгөхийг хүссэн байна.

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийн эзэлж байна. Мөн хүүхдийн орны ачаалал 79,3 хувиар хэтэрсэн тул яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэхийг хотын даргад албан тоотоор дамжуулан хүргэж байгаа юм байна. Нийслэл хотод томуу, томуу төст өвчний тархалт оргил үедээ хүрч энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа гэж албаныхан үзэж буй. Иймд Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээхээр болсон. Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасаг ирэх долоо хоногоос Баянзүрх дүүргийн зарим хорооны хүүхдүүдийг хүлээн авч, үйлчлэх юм байна. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны хүүхдүүдэд тус тус үйлчлэх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж