Баянзүрхийн Батзориг

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

76:1

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон хүн бол Батжаргалын Батзориг. УИХ-ын гишүүн гэхээсээ илүү иргэд Баянзүрх дүүргийн Засаг дарга гэдгээр нь түүнийг андахгүй. Чехословак улсын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг эсгүүрчин, зохион бүтээгч мэргэжлээр төгсч ирээд л Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Үйлдвэрийн мастераас “Зэвэг” хоршоо байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлсэн гэдэг. 1999 оноос “Кёкүшюзан хөгжил сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2004 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр найман жил тасралтгүй сонгогдож байжээ.

Б.Батзориг. Төрийн ордон, 2017.01.09

МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд элсч, одоогийн Шадар сайд У.Хүрэлсүхийн хамт улстөрийн гараагаа эхлүүлж байсан тэрбээр 2004 оноос улс төрд эргэлт буцалтгүйгээр орсон гэдэг. Түүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдож, нийслэлийн хамгийн олон оршин суугчтай Баянзүрх дүүргийг 2008-2012 оны хооронд дөрвөн жил удирдсан. Нийслэлийн унаган иргэн, тэр дундаа Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн унаган хүү хотын, дүүргийнхээ иргэдийн амьдрал ямар байдгийг мэддэг болохоор дүүргийн Засаг даргаар ажиллахдаа дүүрэгтээ олон чухал ажил хийснийг үнэлэн баянзүрхчүүд 2012 оны сонгуульд саналаа өгсөн биз. Гэвч 2012 онд сонгуулиар Б.Батзориг саналаа Д.Арвинд “луйвардуулсан” гэж дүүргийнх нь иргэд одоо ч гомдолтой явдаг гэх.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байсан туршлагатай, эдийн засгийн ухааны доктор мэргэжилтэй учраас ямар ч албан тушаалыг хаших боломжтой гэж намын нөхөд нь ярилцдаг. Тиймдээ ч 2015 онд Засгийн газарт хамтарч ажилласан цаг үед буюу 2015 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын албан тушаалыг хашиж байсан биз. Дэд сайдаар ажиллаж байхдаа төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулалцаж, батлуулж байсныг нь “түр” ажилласан дэд сайдуудаас богино хугацаанд их ажил амжуулсан хүн гэж Б.Батзоригийг дүгнэдэг, намыхан нь.

УИХ-ын гишүүн Б.Батзориг МАН-аас төрийн үйл хэрэгт чамгүй удаан хугацаанд зүтгэж яваа дунд үеийнхний нэг. Баянзүрх дүүрэгт АН-ын хамгийн “хүчтэй” өрсөлдөгч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй уралдуулсан нь цаанаа учиртай гэлцдэг. Дүүргээ, хотоо мэддэг, баянзүрхчүүдийн төлөө ажиллаж чаддаг гэж үнэлэн ийнхүү “хүчтэй” өрсөлдөгчтэй уралдуулсан ч зөв сонголт болж УИХ-д нэг суудал авчирсан, МАН-д.

УИХ-ын гишүүн болсоноосоо хойш Баяжуулсан хүнсний тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиуд дээр ажиллаж, танхимын нөхдийн хамт өргөн барьжээ. Нийслэлчүүдэд хамгийн их тулгамддаг агаарын бохирдол, утааны эсрэг ажиллаж УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог удирдаж буй. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хорооныхоо иргэдтэй уулзаж, тэдний амьдралд тулгамдаж байгаа асуудлыг сонсдог, ажил хэрэг болгодог гээд түүнийг магтах олон сонгогч бий. Дүүргийнхээ, сонгогчдын итгэлийг алдахгүй, их ажил амжуулах үүрэг оногдсон Б.Батзориг гишүүний ажилд 2016 онд баянзүрхчүүд дүнгээ тавих учиртай. Дүүрэг удирдаж байсан хүнээ УИХ-д төлөөлүүлэх үүрэг өгсөн баянзүрхчүүд түүний хийсэн ажил, хийх ажил нэг бүрийг нь чих тавин суугаа бизээ.

Б.Батзоригийн товч намтар:

ТӨГССӨН СУРГУУЛЬ

  • 1973-1983 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль
  • 1983-1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч
  • 1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага
  • 1999-2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч
  • 2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер
  • 1992-1999 онд Зэвэг хоршооны дарга
  • 1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга

ШАГНАЛ

  • Алтан гадас одон
  • Санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтан
  • Хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан
  • Баянзүрх дүүргийн хүндэт тэмдэг

ГАДААД ХЭЛ

  • Орос
  • Чех

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж